Румын улсын нийслэл Бухарест хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр буюу өчигдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаан боллоо. Энэ жилийн дэлхийн аваргад дэлхийн 55 орны тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд өрсөлдөж байгаа ба өчигдрийн тухайд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 44, 51, 59, 67 кг-ын жингийн барилдаан болсон юм. Эдгээр жинд Монголын багаас Э.Даваачимэг /51 кг/, Б.Батцэцэг /59 кг/, О.Оюунтуяа /67 кг/ нар зодоглосноос өнгөрсөн жил Сингапурт болсон өсвөрийн анхдугаар олимпийн наадмын аварга, ОУХМ Б.Батцэцэг хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр эхний тойрогт Болгарын Жанан Фахри Ахмедыг 2:0; 2:1 харьцаатай, дараа нь Казахстаны Жулия Сатымбековаг 0:1; 3:2; 3:0 харьцаагаар, Германы бөх Катрин Ноемаейрыг 0:2; 1:0; 2:0 оноогоор ялснаар хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болжээ. Улмаар Молдавын тамирчин Мариана Есанутай барилдаж, 5:7; 7:3 харьцаагаар ялагдсанаар аваргын төлөө барилдах боломжгүй болсон ч дагах барилдаанд зодоглон Хятадын бөх Гуань Яажинг 0:6; 1:0; 3:0 харьцаагаар ялж, хүрэл медалийн эзэн болжээ. Түүний өрсөлдсөн 59 кг-ын жинд Японы тамирчин Юрика Ито аваргын алтан медаль хүртэж, манай бөхийг ялсан Молдавын тамирчин мөнгөн медаль хүртсэн бол ОХУ-ын бөх Валерия Жолобова Б.Батцэцэгийн хамт хүрэл медалийн тавцанд гарчээ.
Дэлхийн аваргын дэвжээнд өчигдөр барилдсан Монголын бусад тамирчдын тухайд 51 кг-д Э.Даваачимэг эхний тойрогт Германы бөх Катрин Хенкед ялагдсанаар тэмцээнээ дуусгасан бол 67 кг-ын жинд О.Оюунтуяа эхний тойрогт хийлж, удаахь тойргийн барилдаанд Туркийн бөх Киемет Коцвигиитэд дийлдсэн байна.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэйчүүдийн үлдсэн дөрвөн жин болох 48, 55, 63, 72 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголын баг тамирчдаас Ц.Бямбазаяа /48 кг/, Б.Номин-Эрдэнэ /55 кг/, Б.Даваацэрэн /72 кг/ нар барилдах юм.
Хэсгийн барилдаан Монголын цагаар 15.00 цагаас эхэлнэ.
Харин маргааш чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн барилдаан эхлэх хуваарьтай байна.
С.Цэлмэг