Исламын шашинтай охин, иудейн шашинтай жүүд хүүгийн зураг сошиал хүрээнд трэнд болж байна.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын цагаачлалын хоригийг эсэргүүцсэн мянга мянган хүмүүс Чикаго хотын О’Хэйр олон улсын нисэх буудалд цуглажээ. Тэдний дунд охиноо дагуулсан мусульман аав, хүүгээ хөтөлсөн еврей эцэг байлаа. Тэд хэзээ ч уулзаж байгаагүй, бие биесээ мэдэх ч үгүй, харж ч байгаагүй. Харин одоо тэд энх тайван, эв найрамдлын төлөө гэр бүлээрээ оройн зоог барихаар уулзалт товложээ.
Твиттерт мянга мянган хүний анхаарлыг татсан энэхүү зургийг “Chicago Tribune” сонины гэрэл зурагчин Нуччо ДиНуццо авчээ.
Тэрбээр мягмар гаригт /2017.01.31/ Чикагогийн нисэх буудалд болсон эсэргүүцлийн цуглааны үеэр зургийг дарсан юм. Үдээс хойш сонины албан ёсны твиттер хуудсанд ДиНуццогийн зураг нийтлэгдсэн байна. Удалгүй хоёр аавын найз нөхөд, танилууд нь утасдаж эхэлсэн гэнэ.
Зураг дээрх еврей аавыг Рабби Йордан Бендат-Аппел гэдэг. Иллиной мужийн Дирфилд хотод амьдардаг. Исламын шашинтай долоон орны иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосон ерөнхийлөгчийн зарлигийг эсэргүүцэн, жагсаалд нэгджээ. Есөн настай Адин хүүгээ мөрөн дээрээ суулгаж явсан нь зурагчны анхаарлыг татсан гэнэ.
Харин нөгөөх аавыг Фатих Йылдырым гэдэг. Долоон настай Мереим охин нь удаан зогсоод ядарсан тул аав нь охиноо мөрөн дээрээ суулгасан байжээ.
Адин хүү жүүдүүдийн кипа хэмээдэг тоорцгон малгайтай, “Үзэн ядалтыг багтаах газар үгүй” гэсэн уриа барьсан байв. Харин Мереим охин толгойдоо хар хижаб зүүж, “Хайр” гэсэн бичиг барьжээ.
Хоёр өөр шашин шүтлэг, зан заншил, өв соёлтой боловч энх тайван, эв найрамдлын төлөө цуглаанд ирсэн тэдний дүр зураг зурагчны анхаарлыг татжээ. 25 жил гэрэл зурагчнаар ажиллаж буй ДиНуццо тэдний уулзаж буй агшныг алдахыг хүсээгүй гэнэ. “Би хамгийн гол зургаа дарчихлаа гэж бодсон. Энэ бүх жагсаал цуглаан ердөө л үүний төлөө шүү дээ. Хүн байх тухай, хүнлэг байх тухай, хүн төрөлхтөн эв найрамдалтай байх тухай юм” гэж ДиНуццо ярьсан байна.
“Жүүдүүд болон мусульман шашинтнуудын хооронд ээдрээтэй асуудал байдаг. Бид бие биесээ үзэн яддаг гэж хүмүүс боддог. Гэтэл бид тэмцэлддэггүй, тулалддаггүй. Зэрэгцээд зогсохдоо энгийн л яриа өрнүүлдэг. Бид энх тайвны төлөө нэгдэж чадна” гэж Йылдырым ярьжээ.
Нисэх буудалд анх уулзах үед Адин хүү аавынхаа мөрнөөс үсрэн бууж, мусульман охинтой мэндлээд, нэрийг нь асуусан гэнэ. Мереим харин ичимхийрч, “Сайн уу” хэмээн хариу мэндэлжээ. Хэсэг яриа өрнүүлсний дараа аавууд нь утасны дугаараа солилцоод салцгаасан гэнэ. Харин сошиал сүлжээнд олны анхаарлыг татсан энэ зургийн дараа тэд дахин холбогдож, Бендат-Аппеллын гэрт оройн зоог барихаар цаг товложээ.
“Бидний энэ зураг дэлхий ертөнцөд өчүүхэн ч болов гэрэл гэгээ, хайр энэрлийг уриалж чадсан гэж бодож байна” гэж Йылдырым ярьжээ.
С.ЦЭЛМЭГ