Монгол улс цөмийн хаягдлын цэг байгуулахад “эргэлзжээ”

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Монгол улс цөмийн хаягдлын цэг байгуулахад “эргэлзжээ”

Японы Гадаад хэргийн сайд Такеаки Мацүмото өнгөрсөн лхагва гаригт Монгол улс цөмийн хаягдал хадгалах байгууламж барих төлөвлөгөөнд эргэлзэж буйгаа мэдэгдсэн тухай мэдээлжээ.

Мацүмото сайд долдугаар сарын 23-ны бямба гаригт Монголын Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай Индонезийн Балид болсон АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтын үеэр уулзаж, энэ асуудлыг хөндөн ярилцжээ.

Сайд Г.Занданшатар цөмийн эрчим хүчийг энхийн замаар ашиглахад хоёр улсын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцох үеэрээ уг асуудлыг сөхсөн байна. Тэрбээр Монгол улсын хуулийн дагуу эх орондоо гадаадаас цөмийн хаягдал нэвтрүүлэх нь хүндрэлтэй юм гэсэн дипломат хариулт өгчээ.  
Сайд Мацүмото Япон, АНУ, Монгол улс Монголд цөмийн түлшний агуулах байгуулах төлөвлөгөөг албан бусаар ярилцсан ч ямар нэгэн дүгнэлтэд хүрээгүй тухай нэмж хэлжээ.

Монголд цөмийн хаягдал булшлах тухай мэдээлэл нь “сенсаци” шинж чанартай байж мэдэх ч нөгөөтэйгүүр олон улсын цөмийн түлш нийлүүлэлтийн шинэ дүрэм батлагдвал Монголын хувьд ярвигтай асуудал үүсэх юм. Уг дүрмээр бол түлш нийлүүлсэн улсад нь хаягдлыг буцаадаг хууль үйлчлэх юм байна.

Kyodo News хэвлэлийн мэдээлж буйгаар, Японы “Toshiba” корпораци нь АНУ-ын эрх баригчдыг уран болон цөмийн түлш үйлдвэрлэж, нийлүүлсэн улс оронд хаягдлыг нь буцаан явуулдаг болох олон улсын дүрмийг батлуулахаар лоббидож буй ажээ.

Цөмийн хаягдлыг булшлах технологи маш найдвартай болж байгаа гэж мэдээлж буй ч хаягдлын задрал байгаль орчинд аюулгүй хэмжээнд хүрэх хүртэл сая сая жил шаардагддаг байна. АНУ-ын Шинжлэх ухааны академи тус улсад 1983 оны үед хадгалсан цөмийн хаягдал бүрэн задрахад 3 сая жил шаардагдана гэж үзжээ.


Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж