Сар хүрэхгүй хоногийн дараагаар монголчуудын сар шинийн баяр болох гэж байна.
Монголчууд цагаан сарын хүндэтгэлийн идээний нэг буузаа хийж, гэрийнхээ гадна хөлдөөдөг байсан цаг өнгөрчээ. Учир нь агаарын бохирдлоос болж гадаа бууз, баншаа хөлдөөх нь нэгэнт асуудал болоод байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ байх ёстой стандартаас 10 гаруй хувиар давсан үзүүлэлтийг Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах албаны судалгаагаа харуулжээ. Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон аюултай хэмжээнээс дөрөв дахин их байна гэсэн судалгаа гарсан нь иргэдийн санааг зовоож байгаа билээ.
Утаатай өвөл сар шинийн бууз, баншаа хэрхэн хөлдөөх вэ?
Агаарын бохирдол, тоосонцорын хэмжээ гадаа гаргаж, хөлдөөсөн буузанд нөлөөлөх үү?
Эдгээр асуудал утаа улам нэмэгдсэн энэ өвөл иргэдийн санааг зовоож байгаа бололтой.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Н.Лхагвасүрэн “Манайх сар шинийн буузаа хийж амжаагүй байгаа. Долоо хоногийн дараагаас хийнэ. Энэ жилийн цагаан сар хоёрдугаар сарын сүүлчээр болж байгаа учир эртхэн хийж, хөлдөөх нь чухал байх. Манайх буузаа хөлдөөхдөө гялгар уутаар бүрж хөлдөөдөг” гэж ярилаа.
Тэгвэл агаарын бохирдлоос үүдэн нүүрсний хэрэглээ, автомашины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг PM2.5, PM10 хэмээх үл үзэгдэгч тоосонцорууд хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэдгийг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.
Энэ талаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах албаны мэргэжилтэн М.Отгонбаяр “Хавдар үүсгэх хорт нэгдлүүдийг агуулдаг тоосонцорууд хүний уушгинд шигдэж, зүрх судас, амьсгалын замын өвчлөл үүсгэх нөхцөл болдог. Энэ жил цагаан сар хоёрдугаар сарын сүүлээр болж байгаа учраас нүүрсний хэрэглээ багасч, мод түлэх нь нэмэгддэг. Ингэснээр агаар дахь хүхрийн хэмжээ багасч, тоосонцорын хэмжээ нэмэгддэг” гэлээ.
Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас жил бүрийн цагаан сарын баярыг угтан явуулдаг урьдчилсан хяналт шалгалтыг өнөөдрөөс /2017.02.02/ эхлүүлэх гэж байна. Энэхүү хяналтыг сарын турш үргэлжлүүлэх ба үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй бууз, банш үйлдвэрлэгчид, байрны хонгил болон бусад шаардлага хангаагүй газарт бууз хийн зарж байгаа гар дээрээс худалдаа эрхлэгчдэд хяналт тавьж ажиллах ажээ.
“Цагаан сараар айл бүр бууз хийхээс гадна худалдаа, үйлчилгээний газраас бэлэн буузаа авдаг болсон. Иргэд сар шинийн бууз худалдаж авахдаа хаана, хэзээ үйлдвэрлэсэн байна гэдгийг шошгоноос нь хардаггүй. Эрүүл ахуйн шаардлага хангасан газарт үйлдвэрлэсэн эсэхийг нь лавладаггүй. Гэтэл цагаан сарын баярын өдрүүдээр үйлдвэрийн бус аргаар үйлдвэрлэсэн шошгогүй бууз, банш ихээр худалдаанд гардаг. Ашиг олох зорилгоор чанаргүй бүтээгдэхүүнээр олон тооны бууз хийж худалдаалах тохиолдол ч байдаг. Тиймээс хэрэглэгчид хэрэв бууз худалдаж авах бол хаяг, шошго, үйлдвэрлэсэн газрыг сайтар нягталж, худалдан авахыг зөвлөж байна. Бууз, баншийг зориулалтын бус, агаарын бохирдол, тоосжилт ихтэй нөхцөлд хөлдөөж байгаа бол эрүүл мэндэд эрсдэлтэй. Үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс бид зөвшөөрөлгүй албан байгууллагын үйл ажиллагааг илрүүлж, бараа бүтээгдэхүүнийг нь хураах, устгах, торгууль ногдуулах арга хэмжээг авдаг” хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга Д.Энхбат анхаарууллаа.
А.СҮРЭН