Талийгаач хар тамхины эсрэг эмчилгээ хийлгэж байжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.02-нд нийтлэгдсэн

Талийгаач хар тамхины эсрэг эмчилгээ хийлгэж байжээ

“The Colors” амьд хөгжмийн хамтлагийн соло гитарчин, 22 настай залуу амиа алдсан хэрэг нэгдүгээр сарын 29-ний ням гаригт Баянзүрх дүүргийн нутагт орших “Рояал Кэстл” хотхонд гарсан билээ. Талийгаачийн аав хошин урлагийн “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Баатархүү гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдсан.

Тэр өдөр чухам юу болов. Ямар хүмүүс байв? Энэ асуултад бид эх сурвалжийн мэдээлэлд тулгуурлан, хариулт хайлаа.

“The Colors” хамтлагийн гишүүн ямар шалтгаанаар амиа алдсан бэ? Амиа хорлолт байсан уу, эсвэл гадны нөлөө, өөр шалтгаантай юу гэдгийг тодруулахаар дүүргийн цагдаагийн II хэлтэс мөрдлөг, шалгалт явуулж байгаа юм.

Хамтлагийн бусад гишүүдийн ярьснаар талийгаач хандивын тоглолтод оролцсоныхоо дараа хэрэг гарсан байранд найзуудынхаа хамт очсон бололтой. Залуус тухайн үед мансууруулах бодис хэрэглэсэн байж болзошгүй гэсэн эд мөрийн баримт цагдаагийнханд олдсон байна. Талийгаачийг амиа алдсаныг хамт байсан найзууд нь мэдээгүй бөгөөд тухайн үед унтаж байсан гэж цагдаад мэдүүлжээ. Дуудлагаар очсон цагдаа байрны айлуудаас амиа алдсан хүн хэн болохыг лавлаж тодруулсныг оршин суугчид хэлж байна.

Хэрэг гарах үед тус байранд талийгаачтай хамт  21-28 насны 10 эрэгтэй, нэг эмэгтэй байсан гэнэ. Ганц эмэгтэй нь нэр нөлөө бүхий нэгэн улстөрчийн охин байж болзошгүй гэсэн мэдээллийг зарим эх сурвалж хэлж байна. Гэхдээ тэд мансууруулах бодис хэрэглээгүй гэж цагдаагийнханд мэдүүлсэн байгаа. Мөн талийгаач нэг бус удаа хар тамхи хэрэглэдэг байсан байж болзошгүй гэсэн мэдээлэл ч байна. Тухайлбал, түүнийг  өнгөрсөн долдугаар сард Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хордлогын тасагт хэвтэн эмчлүүлж байсан талаар талийгаачийн тун ойрын эх сурвалж цагдаагийнханд мэдүүлсэн бололтой.

Уг хэрэг гарсан орон сууцанд УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын хүү Б.Хүлэгт амьдардаг байсан нь тогтоогдсон байна.  Мөн талийгаачтай хамт “The Colors” хамтлагийн нэг залуу байсныг эх сурвалж хэлж байна. Тэр өдөр талийгаачийн сэтгэл санаа тун тогтворгүй байсныг гэрчүүд цагдаагийнханд хэлсэн байдаг.

Талийгаачийг өндрөөс унах үед найзууд нь яагаад юу ч мэдээгүй байсан бэ? Хэргийн газар үзлэг хийхэд цагдаагийнхны анхаарлыг энэ нөхцөл байдал татсан нь мэдээж.

Талийгаач энэ байрнаас унаж, нас барсан юм.

Хэргийн газраас гаанс болон мансууруулах төрлийн бодис олдсон ч тухайн үед тэнд байсан хүмүүс хэрэглэсэн үү, эсвэл өөр хүмүүс хэрэглээд орхисон уу гэдгийг одоо шинжилгээгээр тогтоох юм. Ямартай ч хэрэг гарсан  байранд хамт байсан 11 залуугаас  цус болон  шээсний шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах ба энэ үед дээрх асуултын хариу тодорхой болно.  

Хэдийгээр залуусын хамт байсан айлын гэрээс хар тамхи олдсон ч, түүнийг тэднийг хэрэглэсэн гэдгийг батлаагүй байгаа ч олныг цочирдуулсан энэ үйл явдал өөрийн эрхгүй залуу үеийнхний дунд хар тамхины хэрэглээ газар аваа юу гэсэн хардлага, бодол, болгоомжлол төрөхөд хүрч байгаа юм .

Ялангуяа улстөрч, томоохон бизнесменүүдийн хүүхдүүд, урлагийнхан мансууруулах бодис гэгчтэй нэг бус удаа нэр холбогдох болсныг хуулийнхан хэлдэг. Монголын нийгэмд далд “цэцэглэсээр” байгаа хар тамхины худалдаа, хэрэглээ, түүнийг дагаж гарах санаатай, санаандгүй гэмт үйлдлүүд нэмэгдэж, өсвөр үе, залуусыг “ангуучилж” эхэлсэн нь аюулын харанга  биш гэж үү?

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж