Google: Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд

Хуучирсан мэдээ: 2017.02.02-нд нийтлэгдсэн

Google: Дэлхийн хамгийн үнэ цэнэтэй брэнд

Нэртэй брэндүүдийн рейтингийг гаргадаг Brand Finance компани өчигдөр шинэ жагсаалтаа танилцууллаа. Энэ жагсаалт хамгийн үнэтэй, хамгийн нөлөөтэй гэсэн хоёр ангиллаар гардаг.

2016 оны хамгийн үнэтэй брэндийн жагсаалтыг Google тэргүүллээ. Сүүлийн таван жил Apple компани энэ жагсаалтыг тэргүүлж байсан юм. Apple-ийн ард Amazon орсон байна. Хамгийн нөлөөтэй компанийн жагсаалтыг Lego тэргүүлж, Nike, Google удаалсан байна.

Google-ийн үнэлгээ 109,5 тэрбум ам.доллараар тооцогдож байгаа бол Apple-ийнх 107,1 тэрбум юм. Apple сүүлийн бүтээгдэхүүн болох Apple Watch зах зээлд санасан хэмжээнд өрсөлдөж чадаагүй нь Apple тэргүүн байраа алдах гол шалтгаан болжээ. Харин Amazon-ы үнэлгээ 106,4 тэрбум гэжээ. Ухаалаг утасны зах зээлд Apple-ийн байр суурь улам бүр суларч Өмнөд Солонгосын Samsung, Хятадын Huawei-д байраа тавьж өгч байна хэмээн шинжээчид үнэлж байгаа ажээ.

Өмнөх 2015 онтой харьцуулахад Amazon үнэлгээгээ 36,7 тэрбум ам.доллараар, Facebook 28 тэрбумаар, AT&T 27,1 тэрбумаар, Google 21,3 тэрбумаар, Alibaba 16,9 тэрбумаар тус тус нэмэгдүүлжээ. Үнэлгээгээ алдсан компаниудын эхэнд Apple байгаа бөгөөд 38,8 тэрбумаар үнэлэмж нь буурчээ.

Хамгийн нөлөөтэй брэндийг тэргүүлсэн Данийн Lego нь өмнөх 2015 онд гуравдугаар байрт байжээ. Тус компанийн 2014 онд гаргасан “Lego” нэртэй киног дагалдуулан олон нийтийн сүлжээнд амжилттай ажилласан, мөн Lego Life нэртэй гаргасан аппликэйшн зэрэг нь үнэлгээг нь дээшлүүлсэн байна. Ирэх долоо хоногт гаргахаар төлөвлөж буй “Lego Batman” кино нь мөн найдвар төрүүлж байгаа юм. Lego ингэснээр жагсаалтыг тэргүүлж байсан Walt Disney-г шахаж гаргасан бөгөөд Walt Disney бүүр зургадугаар байр руу ухарсан байна. Нөлөө бүхий брэндийн гуравт спортын хувцасны Nike брэнд оржээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж