Т.Дэлгэрмөрөн МАН-ын гишүүн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.02.02-нд нийтлэгдсэн

Т.Дэлгэрмөрөн МАН-ын гишүүн боллоо

Д.Сүхбаатар жанжны мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байгаа юм. Ойн өдрөөр МАН-д 124 гишүүн элсч, намын батлахаа гардан авсны нэг нь дуучин Т.Дэлгэрмөрөн байв.

Намд элссэн шинэ гишүүдэд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, УИХ-ын дарга асан С.Төмөр-Очир, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Б.Даш-Ёндон нар батлах гардуулж өгсөн байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан энэ үеэр "Улс төрийн нам сонгох бол чухал сонголт, энэхүү чухал хариуцлагатай сонголтоороо улс төрийн ууган хүчин МАН-ыг сонгон элсэж байгаа 124 гишүүндээ талархал илэрхийлье" гэжээ.

Дуучин Т.Дэлгэрмөрөн МАН-ын батлахаа гардан авсныхаа дараа сэтгэгдэл хангалуун байгаагаа илэрхийлж "МАН бол үеийн үед залуучуудын дуу хоолойг сонсож явсан нам. Түүний нэг баталгаа бол 1990 онд гарч ирсэн залуучуудыг Ж.Батмөнх сонсож, төрөө тэдэнд атгуулж байсныг бид мэднэ. Залуучуудын дуу хоолой, нэгэн үеийн түүчээ болж МАН-ын босоо ноён нуруунд өөрийнхөө хүчийг өгөх гэж ирсэн нь миний хувьд нэр төрийн хэрэг, мөн иргэн хүний үүрэг" гэв.

Намын батлахаа гардан авсан залууст үе үеийн ахмадуудаас сонгосон сонголт, үзэл баримтлалдаа үнэнч байж, улс эх орныхоо хөгжлийн төлөө залуу хүний эрч хүчээр, хоёргүй сэтгэлээр зүтгэхийг захисан байна. Ийнхүү “Номин талст” хамтлагийн гишүүн байсан Т.Дэлгэрмөрөн ийнхүү улс төрийн зам мөрийг хөөв. Тус хамтлагийн Д.Батсүх нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга, А.Хаянхярваа нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дэд даргаар ажиллаж байгаа юм.


МАН-ын залуу гишүүн Т.Дэлгэрмөрөн энэ үеэр “Залуучууд бидний дуу хоолойг үеийн үед сонсож ирсэн нам бол Монгол ардын нам. Монголын ард түмний гол ноён нуруу болсон том хүчин. Энэ намын бодлогод залуучуудын дуу хоолойг хүргэх нэгэн үеийн түүчээ болж, амьдралынхаа түүхэнд нэгэн алтан хуудсыг нээж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд МАН  юу хийснийг нүдээр үзэж, биеэр мэдэрсэн тул хариуцлагатайгаар энэ шийдвэрийг гаргасан. Олон жил бодсон. Их жанжин Сүхбаатарын төрсөн өдрөөр намын батлах гардаж байгаа нь бүр ч сайхан санагдлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж