Тайландын оюутны “нууц”

Хуучирсан мэдээ: 2017.02.01-нд нийтлэгдсэн

Тайландын оюутны “нууц”

Тайландын Вант Улсаас монголчуудад суралцах зүйлс олон байна. Улсдаа сургалтын чанараараа гуравдугаарт жагсах “Рангсит” их сургуульд сэтгүүлч, дипломатчдаас бүрдсэн 14 хүн  богино хугацааны сургалтад хамрагдаад ирлээ.  Хэдий 10 хоногийн богино сургалт байсан ч, бидний сурсан “Рангсит” их сургуулиас сурах зүйл их.

Бангкок хотын төвөөс  зайтай ч, зам нь түгжрэлгүй болохоор 30-40 минут давхиад л “Рангсит” их сургуульд очлоо. Сургуулийн гадаа очингуут өөрийн эрхгүй дуу алдмаар санагдсаныг нуух юун.  Тэндхийн гаднах тохижилт, зохион байгуулалт Монголын их, дээд сургуулийнхтай харьцуулашгүй ажээ. “Рангсит” их сургуулийн залуус бүгд л цагаан цамц, хар өмд охид нь харин хар юбка өмсөх юм. Энэ нь тус сургуулийн дүрэмт хувцас юм байна. Удалгүй сургуулийн удирдлагууд биднийг хүлээн авч, сургуультайгаа танилцуулсан юм. 

Хүссэн сонголтоороо хооллох оюутны зоогийн газар, “Starbucks” кофены сүлжээ, “7 eleven” сүлжээ дэлгүүр, банкны үйлчилгээ, бэлэг дурсгалын дэлгүүр гээд нэг дор бүгдийг цогцлоосон тус сургуульд суралцахад тааламжтай орчинг бүрдүүлж чаджээ.

 

МОНГОЛЧУУДЫН МӨРӨӨДДӨГ ОЮУТНЫ ХОТХОН ТАЙЛАНДАД БАЙНА

Монголд бол орон сууцны хороолол уу гэж андуурмаар. “Рангсит” их сургуулийн салбар сургуулиуд, дотуур байр гээд оюутны том хотхонг байгуулжээ. Тус сургууль 33 факултет буюу салбар сургуультай. Энд 30 мянга гаруй оюутан гэрээсээ хол суралцаж байна. Дадлага ажил дээр суурилж, хичээлээ явуулдаг тус сургуульд Монголын телевизүүдэд ч байхгүй тоног төхөөрөмж цөм бүрэн. Сургалтын техник, технологи нь бүгд орчин үеийнх. Тухайлбал, дөрвөн сая ам.долларын өртөгтэй олон улсын “Дольби” стандартын дуу бичлэгийн студи байна. Тайландын их сургуулиудаас зөвхөн “Рангсит” их сургуульд л байх энэ студид жилд 600 гаруй оюутан дадлага хийдэг гэнэ. Мөн дэлхийн хамгийн үнэтэй сүүлийн үеийн “4K RED One” камеруудаар тоноглогдсон студитэй Тайланддаа орон даяар цацагддаг телевиз,  радио “Рангсит”-д байна. Шаардлагатай тохиолдолд оюутнууд нь мэдээ, нэвтрүүлэг бэлтгэж, сургуулийнхаа “Dream” хэмээх телевизийн сувгаараа цацдаг аж. Харин жүжигчин, дуучин гээд урлагийн чиглэлээр мэргэжил эзэмшихээр сурдаг оюутнуудад зориулсан дэлхийн стандартын хөгжим, кино театр ч энэ сургуульд байсан юм.

Рангсит-ын салбар

Дуучид, жүжигчин болох оюутнууд нь театрынхаа тайзан дээрээ дуулж, бүжиглэн урлагийн тоглолтоо тавьдаг бол зураглаач, дизайнер, график, инженерээр сурах оюутнууд кино театрынхаа дэлгэцийг ашиглаж, хичээлээ хийдэг гэв. Гаднаас зочид ирж, хүлээн авалт, уулзалт, хурал хийх шаардлагатай бол нөгөөх театруудаа “Рангсит” их сургуулийнхан ашигладаг гэлээ.

Бидний мөрөөддөг, ярихаас цааш ажилгүй  оюутны хотхон, их дээд сургуулийн төвлөрөл тэнд л байлаа. Одоогоос хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод байрлалтай 87 их, дээд сургуулийг Багануур дүүрэг рүү шилжүүлж, нийслэлийнхээ төвлөрлийг сааруулах санал гаргаж, зураг төслийг нь ч өмнөх хотын  удирдлагууд гаргасан байдаг. Гэвч,төрийн болон хувийн их, дээд сургуулийг хот хэзээ нүүлгэх вэ гэсэн асуудал шийдэл болоогүй хэвээр.  Хэрэв  бид ярьдаггүй хийдэг байсан бол Монгол Улс хэдийнээ Тайландын “Рангсит” их сургууль шиг хотхонг байгуулчихсан байх болов уу. 

 

НЭГ ЖИЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР НЬ 4000 АМ.ДОЛЛАР

Тус сургуулийн Олон улсын сэтгүүл зүй, Олон улсын харилцааны чиглэлийн сургалт Тайланддаа нэгдүгээрт ордог. Тиймдээ ч, энэ сургуулийг зорих оюутны тоо нь жил ирэх тусам нэмэгдэх болжээ. “Рангсит”-ын сургалтын алба гадаад оюутнууддаа зориулж, одоогийн англи хэл дээр явагддаг 13 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрөө  15 болгож нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Инженер, архитектур, нийгэм судлал, олон улсын бизнес, эдийн засаг, нисгэгч мэргэжлээр сурах хүсэлтэй англи хэлтэй, Монгол оюутнууд ч “Рангсит” их сургуулийг зорьж болох юм. Сургалтын төлбөрийн тухайд нэг жилийн 4000 ам.доллар. Энд төлбөрт хоол ундны, оюутны байрны зардал нь ч багтжээ. Анги дүүргэлтийн тухайд нэг ангид 40 оюутан суралцах дүрэмтэй. Мөн “Рангсит” их сургууль нь Австрали, Камбож, Их британи, АНУ зэрэг олон улсын 60 гаруй сургуультай хамтран ажилладаг болохоор сайн сурсан оюутнууд оюутан солилцоо хөтөлбөрт хамрагдаж хичээлийнхээ дөрвөн жилийн хоёр, нэг жилийг нь дээрх орнуудын сургуулиудад суралцах боломжтой аж.

Онц сурч буй оюутнууддаа тэтгэлэг олгодог. Тэтгэлгээр суралцаж буй оюутнууд нь дүрэмт хувцсаа тогтмол өмсөж, сургуулиасаа зохион байгуулж буй арга хэмжээнд тогтмол хамрагдах үүрэгтэй. Мөн шалгалтаа хуулж болон хуурч  болохгүй, хичээлдээ хоцрохгүй зэрэг хатуу дүрмийг мөрддөг гэнэ. Үүнээс гадна англи хэлтэй оюутнууд сургуульдаа зочилсон гаднын иргэдэд орчуулга хийж өгөх, туслах үүрэгтэй. Энэ нь оюутнууд сургалтын төлбөрөө өөрийнхөө чадвар, боловсрол, ухамсраараа төлдөг гэж хэлж болох юм.

Бидэнд Тайландын өмнөө барих олон эрдэмтэн багш, цэргийн засгийн газрын Ерөнхий сайд, генерал Прают Чан О Чагийн албан ёсны орчуулагч, засгийн газрын хэвлэлийн дэд төлөөлөгч Верачон Суконфапатипак, гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч тэргүүтэй эрхмүүд дипломат ёс, олон улсын сэтгүүл зүйн талаар сонирхолтой лекц уншсан юм. Өдөр бүр найман цагийн хичээлтэй байсан ч, лекц бүр өгөөжтэй, сонсууштай байв. Дадлага, онол хоршин орсон гэрэл зургийн хичээлээс ч Тайландыг зорьсон монголын хэдэн сэтгүүлчид бид ихийг сурсан. Гэрэл зураг хэрхэн авах, гэрэл сүүдрээ яаж тохиулах гээд “Рангсит” их сургуулийн багш нар бидэнд нэг бүрчлэн зааж, зөвлөсний дараа шууд өөрсдөөр минь зураг даруулсан юм. Ингээд бид “Рангсит”-ын спортын талбай, мэргэжлийн гэрэл зургийн студи, төв сургуулийнх нь дээвэр гээд хэд хэдэн газар зураг хэрхэн яаж дарах, сонссон лекцээ бодитоор ашиглахаар баг болон хуваагдаж тус сургуулийн орчин тойрон болон өөрсдийнхөө хөрөг зургийг авсан юм. Бидэнтэй зэрэгцээд  сургуулийнхаа энэ тэнд гэрэл зургийн аппарат барьсан, практик хичээлээ орж буй оюутнууд бишгүй байлаа.

Орчин үеийн оюутны хотхонг байгуулсан “Рангсит” их сургуулиас суралцах юм их.

Д.УЛАМБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж