Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн системийг шинэчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.02.01-нд нийтлэгдсэн

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн системийг шинэчилжээ

Монгол хэл бичгийн болон Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагдын бүртгэл өнөөдөр /2017.02.01/ олон даяар эхэлж байгаатай холбоотойгоор Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өглөө 09:00 цагт эхэлж, 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний орой 18:00 цагт дуусна. Мөн онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар явагдахыг мэргэжилтнүүд хэлж байв.

Энэ жил Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 37.500 сурагч төгсч байгаа аж. Ингэснээр өмнөх жилийн төгсөгчидтэй нийлээд 40 гаруй мянган төгсөгч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоог Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ.

Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат “Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл онлайнаар явагдаж байгаа. Үүний давуу тал нь дэлхийн хаанаас ч бүртгүүлэх боломжтой. Энэ жил бүртгэлийн программ дээрээ шинэчлэл хийсэн байгаа. Тухайлбал Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үндсэн системд төвийнхөө сүлжээг холбож өгсөн. Ингэснээр тухайн шалгуулагч өөрийн регистрийн дугаарын оруулснаар хувийн мэдээлэл болон сургуулийн мэдээлэл зэрэг шаардлагатай бүх мэдэээлэл гарч ирнэ. Үүний дагуу хувийн мэдээллээ үнэн зөв эсэхийг сайтар нягталж, шалгаж үзээд бүртгэлээ үргэлжлүүлэх юм” гэв.

ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХДЭЭ:

  • Цахим үнэмлэх

  • Цээж зураг

  • Интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт болон Paycode БҮТ-ийн дотоод төлбөрийн хэрэгсэл

  • И-мэйл хаяг Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаас бүртгүүлнэ

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг онлайн бүртгэлийн хугацаанд БҮТ-д ирүүлнэ.

Монгол хэл бичгийн шалгалт босго оноогүй

Элсэгчид Засгийн газрын 37-р тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох.сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. Монгол хэл бичгийн шалгалтыг нэг удаа авах бөгөөд босго оноогүй байна.

Шалгалт бүр 5800 төгрөгийн хураамжтай

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгөх гэнэ.

Мөн монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүй бөгөөд Элсэлтийн ерөнхий шалгалтын хураамж шалгалт бүр 5.800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг ажээ. Шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагч бүртгэлийн хугацаанд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn вебсайтыгн “Шалгуулагчийн булан”-гаар дамжин шалгалт өгөх хичээлээ нэмж болно.

Хэлний хичээлийн сонсох чадварын даалгавар нэмэгджээ

Мөн өнгөрсөн жилээс монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох чадварыг шалгах даалгавар нэмэгдсэн гэдгийг онцолсон юм.

Хариултыг хар болон цэнхэр үзгэн балаар бөглөнө

Хариултын хуудсыг бөглөхдөө хар болон цэнхэр өнгийн үзгэн балаар бөглөх болсон. Хариултын хуудасны загварыг манай www.eec.mn хаягнаас татаж авч дадлага хийх боломжтой.

Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудасыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын дундуур болно

Шалгалтын өдрийг эцсийн байдлаар товлоогүй байгаа. БСШУСЯ-тай зөвшилцөөд өмнөх жилүүдийн жишгийн дагуу зургадугаар сарын дунд 10 хоногт зохион байгуулах байх гэнэ.

Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  • Бүртгэлийн хуудас

  • Суудлын хуваарь

  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг

  • Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг

ЭЕШ-ын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn веб сайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтэлнэ. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2017 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагаас өмнө www.eec.mn веб сайтад байршуулан нийтэд зарлана.

Тухайн шалгуулагчийн Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог батламжилсан батламж хуудсыг тусад нь шалгуулагч бүрт өгөх ба батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй аж.

А.СҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж