Оюунлаг тамирчныг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2017.02.01-нд нийтлэгдсэн

Оюунлаг тамирчныг шалгаруулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газраас өнөөдөр /2017.02.01/ “Биеийн тамир, спортын салбарын шилдэг судлаач шалгаруулах” болзлыг зарлалаа.

Биеийн тамир, спортын шинжлэх ухааны ололтыг салбарт нэвтрүүлэх, салбарыг хөгжүүлэхэд хүний нөөцийг чадамжийг сайжруулах, салбарын мэргэжилтнүүдийг сэдэлжүүлэн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, судалгааг хэрэглээ болгон, судлаачдын бүтээлийг амьдралд нэвтрүүлж дэмжиж ажиллах орчин бүрдүүлэхийн тулд “Дасгалжуулагч бол судлаач мөн”, “Оюунлаг тамирчин”, “Шилдэг судлаач арга зүйч”, “Оны шилдэг бүтээл”-ийн болзлыг боловсруулан, жил бүр шалгаруулж байхаар болжээ. Энэхүү шалгаруулалтыг БТСГ-ын Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний алба хариуцан ажиллахаар болсон байна. Тиймээс өнөөдөр тус албаас шалгаруулалтын талаарх мэдээллийг өглөө.

САУЭША-НЫ ДАРГА Ч.НАСАНБАТ, МЭРГЭЖИЛТЭН Ш.ДОЛГОР

1. “ШИЛДЭГ СУДЛААЧ ДАСГАЛЖУУЛАГЧ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ нь Бүх шатны дасгалжуулагч нарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангахын тулд баг, тамирчдад дасгалжуулалт болон тэмцээний явцад ажиглалт тэмдэглэл хөтлүүлж, судалгааг тогтмолжуулах, гарсан үр дүнд анализ хийн, дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ахисан түвшинд гаргаж, практикт ашиглах, дасгалжуулагчийн судалгааны ур чадварыг нь сайжруулах зорилготой юм.

2. “ОЮУНЛАГ ТАМИРЧИН” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ нь Дасгалжуулагч, тамирчдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангахын тулд ахмад тамирчин, зодог тайлсан тамирчид, ҮШБ-ийн тамирчдын дунд дасгалжуулалт болон тэмцээний явцад ажиглалт тэмдэглэл хөтлүүлж, өөртөө хийх судалгааг тогтмолжуулах, гарсан үр дүнд анализ хийн, дүгнэлтийг амжилтаа ахиулахад ашиглах, судлаачийн хувьд ур чадварыг нь сайжруулах, тамирчны дасгалжуулалт болон тэмцээний үеийн сэтгэл зүйн бэлтгэлжилтийг сайжруулах зорилготой юм.

3. “ШИЛДЭГ СУДЛААЧ АРГА ЗҮЙЧ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ нь Биеийн тамирын арга зүйчдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, өдөр тутмын үйл ажиллагаандаа судалгааг тогтмолжуулах, гарсан үр дүнд анализ хийн, дүгнэлтийг аймаг/дүүрэг/байгууллагын хэмжээнд хүн амыг чийрэгжүүлэх бодлогод ашиглах, арга зүйч судлаачийн ур чадварыг нь сайжруулах зорилготой юм.

4. “ШИЛДЭГ БҮТЭЭЛ” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛ зорилго нь Биеийн тамир, спортын тухай хууль, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Биеийн тамир, спортын салбарт эрдэмтдийн санаачлан хийж, хэрэгжүүлж байгаа төсөл, бүх хэлбэрийн судалгаа, шинжилгээний ажлуудаас шилдэг бүтээлийг шалгаруулж, хэрэглээ болгоход дэмжлэг үзүүлдэг байх үндсэн зарчмыг тогтооход оршино.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж