УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааныг цаг сунган үргэлжлүүлснээр Төрийн өмчөөс хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалт батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, олонхийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Дээрх тогтоолын төслөөр агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байхаар баталгаажуулж байгаа юм.
Монгол Улс олон улсын иргэний нисэхийн Чикагогийн конвенцид нэгдэн орсоноор агаарын навигацийн үйлчилгээний холбоо, навигаци, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн нэгдсэн сүлжээ, дэд бүтэц нь төрийн өмчид байлгах үүргийг хүлээжээ.
Мөн Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж, Иргэний нисэхийн тухай хуулийн хүрээнд өнгөрсөн хугацаанд агаарын навигацийн үйлчилгээний тоног, төхөөрөмжүүдийг шинэчлэх, орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг улсын төсвийн хөрөнгөөр үе шаттайгаар хэрэгжүүлжээ.
Үүнд: 2015 оны жилийн эцсийн байдлаар 40.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий 9 төрлийн ажиглалтын, 87.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 6 төрлийн навигацийн, 9.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 13 төрлийн холбооны тоног төхөөрөмжийг шинэчилсэн байна.
Дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэснээр чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлсэн юм.
Мөн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, олонхи нь дэмжсэнээр “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн бол Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.
Г.ДАРЬ