Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2016 оны аравдугаар сарын 9-нд Хятадын төрийн өмчит "Шинхуа Энержи" компанийн төлөөлөлтэй уулзсан билээ. Үүнтэй холбоотойгоор Тавантолгойн төслийг урагшлуулна гэсэн хүлээлт нийгэмд үүсээд буй.
Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших чиглэл барьж байгаа. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын талд 51 хувь, "Шинхуа Энержи"-д 49 хувь тус тус эзэмшүүлэхээр ярилцаж байна гэсэн мэдээлэл байгаа билээ.
Тавантолгойн төслийн талаар улстөрчид энэ цаг үед ямар байр суурь илэрхийлж байгааг тоймлов.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАН
-Тавантолгой төсөл урагш ахиж байгаа шинж тэмдэг надад харагдахгүй байгаа. Өнөөх л хуучин хэрүүл уруулын шинжтэй явган яриаг л хэвлэл мэдээллээс харах юм. Тавантолгой болон бусад мегатөсөлд хандахдаа “ил тод байх”-ыг ажил хариуцаж байгаа хүмүүст зөвлөмөөр байна. “Ил тод бусаар хийгдэж байгаа аливаа мегатөсөл унах тавилантай” гэдгийг хатуу ойлгомоор байна. Энэ бол миний зөвлөгөө бишээ. Мегатөслийн шинжлэх ухаан ингэж зөвлөөд байгаа юм. Том төсөл мега гэж хэлэгдэхийн учир нь улстөржилт заавал дагуулдаг, хардлага, сэрдлэг дагуулдаг, хүний ааш араншинтай сүлэлдэж байдаг, олон сонирхлын уулзвар дээр оршдогт байгаа. Мегатөслийг амжилтанд хүргэх арга зүйд нь “ил тод байх” явдал заавал ордог. Үл тоовол мегатөсөл дэмий цаг, хөдөлмөр, мөнгөний гарз болох аюултай.
-Тавантолгой төслийг төр өөрөө хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг улстөрч олон. Монголын төр өөрөө ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах боломж байна уу?
–Жижигхэн хэмжээнд довоо шарлуулах хэмжээнд төр өөрөө бүгдийг хийнэ гээд байна болно оо. Дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд гэвэл үнэндээ манай төр дангаараа чадахгүй. Мегатөсөл асар их хөрөнгө мөнгө шаардана. Их мөнгө олохын тулд эхлээд их мөнгө зардал болгон гаргах шаардлагатай. Үүнийг манайхан ойлгодоггүй. Их хэмжээгээр нүүрсээ олборлохын тулд их том хэмжээний хэрэглэгчидтэй байх ёстой. Үүнийг бас манайхан ойлгодоггүй. Нүүрсийг нь гаргангуут гадныхан булаалдаад авах шахуу юм бодоод байж байдаг. Тогтвортой зах зээлээ олж баталгаажуулахгүйгээр том олборлолт хийхийн арга байхгүй. Монголчууд өөрсдөө мегатөсөл хэрэгжүүлж үзээгүй байна. Эрдэнэтийг оросуудаар, Оюутолгойг гадныхнаар хийлгэсэн, бидэнд мэдлэг, туршлага дутагдана. Гол нь санхүүгийн хувьд манай төр мегатөсөл хийх их хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж чадахгүй. Өр зээлийн дарамтанд байгаа Монгол Улсад банкуудаас төрийн нэр дээр зээл босгоно гэдэг бол худлаа гэдгийг ойлгох цаг болсон байхаа.
News.mn, 2017.01.26
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД
-Тавантолгойн уурхайд хөрөнгө оруулалт хэрэггүй. Зөвхөн төмөр замаа барих асуудалд анхаарах хэрэгтэй. Би бол төрийн өмчтэй Багануур шиг уурхай байгуулахын эсрэг байгаа юм. Дахиад л нөгөө шахааны бизнес цэцэглэх гээд байгаа юм. Тэгэхээр одоо бол Тавантолгой өөрийн гэсэн эксковатор байхгүй. Жилээр нь юм уу хоёр жилээр тендер зарлаад байдаг юм. Ингэхдээ миний нүүрсийг хэн хамгийн хямд олборлох вэ гэдэг тендер зарладаг. Ингээд хямд өртөг санал болгосныг сонгодог. Дараа нь 200 км замд нэг тонн нүүрс хэдээр зөөх вэ гэдэг тендер зарладаг юм байна. Ингээд нэг тонн нүүрс хил дээр очих явцад 11 ам.долларын өртөг гарч байна аа даа. Түүнийгээ 71 ам.доллараар нийлүүлж байгаа юм. Тэгэхээр энэ схем бол маш сайн. Харин тендерээ ил тод явуулах хэрэгтэй. Тэгж байж авах ашиг нь нэмэгдэнэ. Тэгэхээр улсад эрсдэлгүй энэ схемээр "Эрдэнэс Тавантолгой" 100 жил ажиллахад ямар ч асуудал байхгүй.
С1 ТВ, ”Цензургүй яриа” нэвтрүүлэг, 2017.01.23
МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ХАЯНХЯРВАА
-Тавантолгой дээр ямар хувилбар байна гэдэг асуудлаар нэлээд дээхнэ бүлэг дээр мэдээлэл сонссон. Манай бүлгээс “Ямар хувилбар байна. Түүнийгээ хурдан оруулаач” л гэж байгаа. Тавантолгой мэдээж гэгээтэй байлгүй яахав. Яриа хэлцэл хийх явцад Монгол, Хятадын харилцааны асуудал жаахан нөлөөтэй байх шиг байна. Энэ сардаа багтаад хоёр орны харилцаа хэвийн болох байх гэдэгт итгэж байгаа шүү. Тэр утгаараа Тавантолгойгоо нааштай хэлэлцээд явах боломж гарна гэж найдаж байгаа. Манайхан Тавантолгойг ярина гэхээр л “Хятадуудад л өгөх гэж байна. Эх орноо худалдагчид, нүүрсчдийн намынхан” гэх мэтээр янз бүрээр муулдаг. Гэтэл гуравдагч орноос ирээд “Тавантолгойг чинь аваад явья” гээд байгаа зүйл байгаа юм уу. Байгаа бол тэрэнтэй нь хамтраад ажиллая л гэж байгаа шүү дээ. Өмнөх парламентын үед Монгол, Япон, Хятад гэсэн гурван компанийн консорциум орж ирээд унасан. Бид нүүрсээ зөөлөө гэхэд одоо аль орноор дамжих юм бэ. Хэн авах вэ? Ямар төмөр замын сүлжээ ашиглах вэ, аль боомтод хүргэх вэ гээд яриад байвал бидэнд шийдэл нь их тодорхой байгаа.
Тэр шийдэл нь?
-Урд хөрштэйгөө л харилцах, хамгийн гол нь бид Монгол Улсынхаа эрх ашиг, хөрөнгө оруулагч талынхаа эрх ашгийг зөв зохистой харьцаанд барих нь чухал. Шийдэл зөв гарахад ганц зүйл гай болж байгаа нь өнөө л тулга тойрсон хардалт, хэрүүл, маргаан, атаархал, хорсол явж байна.
"Өдрийн сонин", 2017.01.25
Бэлтгэсэн Т.НОМИН