Ч.ӨНӨРБАЯР: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЛБА МЭРГЭШСЭН ТОГТВОРТОЙ, ХЯНАЛТТАЙ БАЙХ ЗАРЧМЫН БАЙР СУУРИАС УХРАХГҮЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцав.
-Яриагаа Төрийн албаны тухай хуулийн төсөл анх шинэчилсэн найруулгаар явж байснаа яагаад нэмэлт, өөрчлөлт болж боловсруулагдсан талаар эхэлье?
-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс анх Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Гэвч хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэж амжилгүй ээлжит сонгууль болж шинээр Улсын Их Хурал, Засгийн газар байгуулагдсан. Ийнхүү Улсын Их Хурлаас 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор хуулийн төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газраас санал, дүгнэлтийг авах шаардлагатай гэсэн үндэслэлээр хууль санаачлагчид хуулийн төслийг буцаасан.
Хуулийн төслийг ийнхүү буцаасантай холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч ажлын хэсэгтэй дахин ярилцаж, хуулийн төсөлд зөвхөн зарчмын шинжтэй гол гол өөрчлөлтүүдийг оруулах замаар дахин боловсруулж, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.
-Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд туссан зарчмын шинжтэй ямар ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?
-Хуулийн төслөөр шийдвэрлэхийг оролдсон хамгийн цөм асуудал нь төрийн жинхэнэ албанд улс төрийн томилгоо хийснээс төрийн ажлын залгамж чанар, мэргэшсэн байдал, хариуцлага алдагддаг байдал.
Тийм ч учраас төрийн албаны томилгоог чадахуйн зарчимд суурилдаг болгох, ингэхдээ тухайн албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсрол, мэргэжил, мэргэшсэн байдал, туршлага, ур чадварын шалгуурыг хангасан хүнийг тухайн албан тушаалд шатлан дэвшүүлэх замаар сонгон шалгаруулалтыг явуулах зарчмыг гол суурь болгон барьж байна.
Ээлжит сонгуулийн үр дүнд албан тушаалтан өөрчлөгдсөнөөс үүдэлтэйгээр төрийн албаны томилгоо, мэргэшсэн, тогтвортой байдал алдагдаж залгамж чанар муутай хариуцлагагүй байдал үргэлжилж байгаа байдлыг зогсоох ёстой.
Албан тушаалтны ажлын байрны тодорхойлолт, албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг өөрчлөх замаар төрийн жинхэнэ албан хаагчдыг халдаг, албан тушаалаас нь чөлөөлдөг байдлыг хориглосон зохицуулалтуудыг мөн оруулсан.
-Төрийн албаны томилгоо “ханцуйн дотроо” наймаалцаж хийгддэг гэсэн хардлага, шүүмжлэл байнга яригддаг. Хуулийн төслөөр энэ асуудал шийдэгдэж чадна гэсэн итгэл байна уу?
-Ардчилсан нийгэмд иргэн төрөө хардах эрхтэй. Мэдээлэл ил тод биш байвал хэн ч байсан хардаж л таарна. Тэгээд ч аливаа хүний үйлдэл далд байх тусмаа буруу тийшээ хазайчих гээд байдаг. Тэгэхлээр аль болох мэдээллийг ард түмэнд ил болгох талаар анхаарах хэрэгтэй гэж хууль санаачлагч үзсэн. Төрийн албаны нөөцөд байгаа иргэдийн болон бэлтгэл нөөц, төрийн албаны сонгон шалгаруулалт, томилгоо, хууль зөрчсөн албан тушаалтанд хүлээлгэсэн хариуцлага, төрд учруулсан хохирлыг тухайн албан тушаалтнаар барагдуулсан байдал зэрэг мэдээллийн сантай, олон нийт хяналтаа хэрэгжүүлэх боломжтой байхаар төсөлд тусгасан.
-МАН-ын бүлэг хуралдаж гишүүдийн өргөн барьсан Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж дэмжсэн байна. Хууль санаачлагч ямар байр суурьтай байна?
-Одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг хэлэлцэх эсэхийг шийдээгүй байгаа. Удахгүй хэлэлцэгдэх байх.
УИХ дээр ажлын хэсэг гаргаад хууль санаачлагчдын төслийг нэгтгэх боломж бий. Гэхдээ ямар ч тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн алба мэргэшсэн тогтвортой, хяналттай байх зарчмын байр сууриас ухрахгүй.