УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай, сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, дэмжлээ.
Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдөр нь ирэх зургадугаар сарын 26-нд байхаар тогтлоо. Энэ удаагийн сонгуулиар гадаадад байгаа монголчуудын санал өгөх эрхтэй. Гадаад дахь монголчуудын саналыг ирэх зургадугаар сарын 10, 11-нд авах аж.
Тогтоолыг батлахын өмнө УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Сонгуулийн нэгдсэн хуулиар Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь үнэмлэхээ авчихаад 10 хоног хүлээх болж байна. Гялс хуульдаа өөрчлөлт оруулаад сурталчилгаа хийх хоногийг нь сунгаж өгч болохгүй юу. Ийм өөрчлөлт хийхгүй бол 17, 18-хан хоногт сурталчилгаа хийж яагаад ч амжихгүй. Гурван нисдэг тэрэг гаргаж өгч нисгэхгүй л бол боломжгүй.
УИХ-ын дарга М.Энхболд: Тэрийг чинь засъя гэж оруулсан, та нар болохгүй гээ биз дээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэг явж байтал Ардчилсан намын бүлэг завсарлага авсан, мөн энэ хуулийг нэг хүнд зориулсан, Үндсэн хууль зөрчсөн хууль болж байна гэсэн. Үндсэн хууль зөрчсөн буюу ямар нэг хувь хүн, бүлэг, улстөрийн намын эрх ашгийг хамгаалсан хууль оруулаагүй. Мөн гурван асуудалтай тулсан учраас Ерөнхийлөгчийн сонгуулийг хуучин хуулиар явуулъя гэж шийдсэн.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн: Сурталчилгааны хугацаа бага байгааг нэмэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаад явж байсан. Хуулийн төсөл буцаагдсан учраас хоног хэвээр үлдсэн. Гэхдээ сурталчилгаа хийх хоног 20 гэж ойлгоорой.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Г.ДАРЬ