Амралтын өдрүүдэд ЮУ ҮЗЭХ ВЭ?

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Амралтын өдрүүдэд ЮУ ҮЗЭХ ВЭ?

"Морин хуурын чуулга"-ын уран бүтээлчид өнөөдөр АНУ-ын ‘Break of Reality’ цөөхүүл хөгжмийн хамтлагтай хамтарсан “Өрнө Дорнын Аялгуу” тоглолтыг толилуулна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа болох уг тоглолт хоёр орны соёлын солилцоо, хөгжмийн хэлээр харилцан ярилцсан үдэш байх нь дамжиггүй.

Баасан гаригт болон энэ амралтын өдрүүдийн үзвэрийн хуваарийг сонирхуулъя.


ӨРНӨ, ДОРНЫН АЯЛГУУ ХОСОЛНО

Морин хуурын чуулгын уран бүтээлчид АНУ-ын ‘Break of Reality’ цөөхүүл хөгжмийн хамтлагтай хамтран “Өрнө Дорнын Аялгуу” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолт өнөөдөр /2017.01.27/ 17:30 цагаас Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа ганцхан удаа болох нь ээ. Ийн хоёр орны соёлын солилцоо, хөгжмийн хэлээр харилцан ярилцсан үдэш байх болно. Тоглолт олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй тоглогдох ажээ. Америкийн “Break of Reality” цөөхүүл хөгжмийн хамтлаг нь анх 2003 онд Нью-Йорк хотод байгуулагдаж, Хойд Өмнөд Америк, Европ, Азид аялан тоглолт, цомгийн нээлтээ хийж байсан аж. Пост-классик урсгалаар бүтээлээ туурвидаг тус хамтлагийн виоленчел хөгжмийн рок дуугаралт нь сонгодог, рок, дэлхийн хөгжмийн гүүр болдог.


“ЧӨЛӨӨТ ХОС” ХОЁРХОН УДАА

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд Нобелийн шагналт Дарио Фогийн "Чөлөөт хос" мюзикл, инээдмийн жүжгийг тоглох гэж байна. Италийн алдарт зохиолч Дарио Фо зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос” уран бүтээлийн гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалан /Антония эхнэр/, Э.Тодгэрэл /Манбретто/, Г.Дөлгөөн-Аюуш /профессор нууц амраг/ нар тоглоно. Тоглолтын тасалбар 10, 15, 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд энэ сарын 27-нд 19 цагт, 28-нд 18 цагаас хоёрхон удаа тоглох нь ээ.


СОНГОДОГ ҮДЭШТ ОЧООРОЙ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид амралтын өдрүүдээр “Хунт нуур”-ыг бүжиж, “Үүлэн заяа”-г эгшиглүүлэх нь ээ. Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт энэхүү балетыг энэ сарын 28-ны 17 цагаас, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн дөрвөн үзэгдэлт “Үүлэн заяа” дуурийг энэ сарын 29-нд 17 цагаас тус тус тоглоно. Ийнхүү дэлхийн болон монголын сонгодог сор болсон үдэшт тухлан саатаарай.


РЕППЕР ЖИЙ “33” ЦОМГИЙН НЭЭЛТ

Реппер Жийгийн бие даасан зургаа дахь цомог болох "33" цомгийн нээлт энэ амралтын өдөр буюу /2017.01.28/-нд “V CLUB”-т 15 цагаас болох гэнэ. Энэ үеэр цомгийн борлуулалт, гарын үсэгтэй худалдаа, сонсогчидтойгоо хамт зураг авахуулах үйл ажиллагаа болох бөгөөд хүрэлцэн ирсэн фенүүддээ "33" цомгийн дуунуудаас бүрдсэн цомгийн танилцуулга тоглолтыг сонирхуулна. Дашрамд дуулгахад шинэхэн цомгоо 10 мянган төгрөгөөр худалдаалах бөгөөд танилцуулга тоглолт үнэ төлбөргүй ажээ.


“ХӨХ ДИВААЖИНГИЙН ХЯЗГААР”-ААР АЯЛЪЯ

Хангай, говь нутгийн байгалийн ховор тогтоцыг цаг агаарын дахин давтагдашгүй мөчүүдтэй нь гэрэл зургийн дуран авайд буулгасан “Хөх диваажингийн хязгаар” үзэсгэлэн /2017.01.24/-нд Шангри-Ла моллын үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдсэн билээ. Уг үзэсгэлэнд “Тусгал” гэрэл зургийн нэгдлийн байгалийн гэрэл зургаар дагнасан 13 гэрэл зурагчны нийт 39 бүтээл дэлгэгдсэн бөгөөд эдгээр гэрэл зургийг авахад сүүлийн нэг жилд ойролцоогоор 21500 км орчим замыг туулсан аж.


“УРАН БАРИМАЛ 2017” ҮЗЭСГЭЛЭН

Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, барималч, доктор С.Бадрал, шавь нартайгаа хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 25-нд нээлтээ хийсэн. Энэ амралтын өдөр буюу 27-нд Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “Ирээдүйн барималч” уралдааныг зохион байгуулах ажээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж