Трамп: Мексикийн импортын татварын мөнгөөр хана барина

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Трамп: Мексикийн импортын татварын мөнгөөр хана барина

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Мексикээс импортоор оруулж ирж буй бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулж, татварын орлогыг хана барихад зарцуулахаар төлөвлөжээ. Хана босгох хөрөнгийг аль тал гаргах асуудлаар талуудын хооронд маргаан үүсч, улмаар Мексикийн ерөнхийлөгч товлосон айлчлалаа цуцалсны дараа ерөнхийлөгчийн энэ төлөвлөгөөний талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч танилцуулжээ. Үүнийг цорын ганц арга зам гэж Цагаан ордон үзэж байна.

АНУ-ын Мексиктэй хиллэдэг өмнөд хилийн дагуу хэрэм босгох тухай зарлигт АНУ-ын төрийн тэргүүн өнгөрсөн лхагва гаригт гарын үсэг зурсан билээ. Хана барина, харин үүнд шаардлагатай хөрөнгийг Мексикийн талаас гаргуулна гэсэн нь Трампын сонгуулийн кампанийн чухал амлалтуудын нэг байсан юм. АНУ ба Мексикийн хилийн дагуу 3200 км урт үргэлжлэх хэрэм босгоход 12-15 тэрбум ам.доллар шаардлагатай гэж Бүгд Найрамдах намынхан тооцоолж байгаа аж.

Харин Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньето “Мексикийн тал хэзээ ч мөнгө гарахгүй” гэж удаа дараа мэдэгдсээр байгаа юм. Тэрбээр ирэх долоо хоногт Цагаан ордонд зочлохоор товлоод байсан айлчлалаа дээрх шалтгааны улмаас цуцлахад хүрсэн байна.

Мексикийн төрийн тэргүүний шийдвэрээс хойш хэдэн цагийн дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер сэтгүүлчдэд хандан “Ерөнхийлөгч хана босгох хөрөнгийг эх үүсвэрийн талаар хууль тогтоогчидтой ярилцсан. Конгрессоор хэлэлцэж буй татварын шинэчлэлд энэ асуудлыг багтаах болно” гэсэн байна. Түүний хэлснээр Мексикийн импортын бараа бүтээгдэхүүнд 20 хувийн татвар ногдуулснаар жилд дунджаар 10 тэрбум ам.доллар төвлөрүүлэх боломжтой гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж