Явуулын махны үйлдвэрийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Явуулын махны үйлдвэрийг дэмжинэ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр гишүүд хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан асуулт асууж, саналаа хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Ганболд:

-Биднийг тэжээж тэтгэж ирсэн уламжлалт аж ахуйгаа зөв хөгжүүлэх ёстой. Мал амьтнаа эрүүл байлгаж байж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлоготой нийцүүлэх нь чухал. Хуульд тусгаж байгаа гол асуудал бол мал эмнэлэг байгуулах тухай юм. Мал эмнэлгийн салбарт эрдэмтэн, мэргэдтэй хамтарч ажиллаж байгаа юу?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн:

-Эрдэмтэд, шинжлэх ухааны сургуультай нягт хамтарч ажиллаж байгаа. “Био комбинат”-ын үйлдвэрлэлийн техник төхөөрөмж муудсан. Тиймээс Унгар улстай хамтарч, төсөл хэрэгжүүлэхээр болсон. Манай “Био комбинат” малын вакцины 90 хувийг үйлдвэрлэдэг.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Мал байтугай хүнээ эрүүлжүүлэхийн тулд бид Оросыгтүшиглэж ирсэн. Тиймээс ОХУ-тай харилцдаг бүх салбарын харилцааг сэргээх хэрэгтэй. Малчид нүүдэллэж амьдардаг. Гэтэл хуулийн төслийн 7.3.3, 7.1.13 дээр нэлээд ярвигтай заалт орсон гэж харагдаж байна. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн:

-Хуулийн төслийн 7.3.3, 7.1.13 бол мал амьтны халдварт өвчнөөс эхлээд өнөөдрийн үүсээд байгаа асуудалтай холбоотой. Эрүүл бүсэд мал амьтны өвчин гараад байгаа учраас өвчлөлтэй бүсээс мал тээвэрлэхийг хориглох заалт оруулсан. Хэрэв халдварт өвчлөл гардаг бүс нутгаас мал тээвэрлэх бол холбогдох байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагатай болно.  

УИХ-ын гишүүн Л.Энхболд:

-Мал бол монгол хүний эрүүл мэндийн баталгаа. Тиймээс мал, амьтнаа эрүүл байлгах чамбай хуулийн төсөл орж ирсэн гэж үзэж байгаа. Мал, амьтнаас хүнд халдварлах өвчин, хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэрхэн тусгасан бэ? Орон нутгаар явж байхад малын эмч зүйч нэлээд ховордож байгаа харагдах юм. Тиймээс боловсон хүчний нөөцийг бэлтгэх сургалт хэр зэрэг байна вэ? Малын эмч нарын урамшуулал хуулийн  төсөлд хэрхэн тусгагдсан бэ?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн:

-Боловсон хүчний судалгаа бий. Малын эмчээр ажиллаж байгаа 2224 хүн байдаг. Мал зүйчээр ажилладаг 1000 гаруй хүн бий. Нийт малын эмч, эм зүйч нарын 50 орчим хувь нь 50-иас дээш насныхан болсон. Тиймээс эмч, эм зүйч бэлтгэх бодлогод анхаарч ажиллана. Мал, амьтнаас хүнд халдварлах өвчин, хүнсний аюулгүй байдлын асуудлыг хуулийн төсөлд нэлээд дэлгэрэнгүй тусгасан.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Малын бие давжаарсан. Энэ асуудалд яам хэрхэн анхаарч байна вэ? Махны үйлдвэрт мах нийлүүлэлт багассан. Одоо байгаа махны үйлдвэрээ 100 хувь ашиглаж чадахгүй байна. Тэгэхээр махны үйлдвэр нэмж барьснаас явуулын махны үйлдвэр ажиллуулах боломж байна уу? Малын арьс, ширийг яах вэ? Арьс, ширний үйлдвэрийг аймгуудад бүсчилж байгуулах асуудалд хэрхэн анхаарах вэ?

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн:

-Малын бие давжаарсан гэдэг. Бид малын удам сайжруулах Малын генетикийн хуулийг оруулж ирж байгаа. Мөн бэлчээрийн даац хэтэрсэн, өвс ургамлын тоо цөөрсөн учраас “Малын тооноос чанарт” гэдэг зорилт тавьсан. Монгол Улсад 27 махны үйлдвэр байдаг. Яг стандартад нийцсэн үйлдвэр байгаа эсэх нь асуудалтай. Явуулын махны үйлдвэрийг дэмжиж байгаа.


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж