Дорнын гайхамшгийг урлаач

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Дорнын гайхамшгийг урлаач

Түүнийг дэлхий дахин "Дорнын гайхамшгийг урлаач" хэмээн нэрийддэг. Түүний бүтээлүүдээс дорнын нарийн мэдрэмж, тансаг илэрхийлэл, гоо сайхан нэвт харагддаг. 

“Би киноны илтгэх талд, ялангуяа хэлбэрийн талд гойд анхаардаг.
Хэлбэрийн илтгэх хэмжээг туйлд нь хүргэхээр хичээж,
оргилом халуун сэтгэгдэл төрүүлэм байлгах гэж хичээдэг”…

Жан Имоу өөрийн уран бүтээлийн онцлогоо ингэж тайлбарлажээ.

“Шанхайн гурвал”, “Гэртээ хүрэх зам”, “Баатар”, “Нисдэг хутгын бүлгэм”, “Алтан цэцгийн хараал”… гэхчлэн түүний бүтээлийн жагсаалт хөвөрнө. Эгэл хүний жирийн амьдрал, чин үнэнч хайр сэтгэл, дорнын бүсгүйн ичимхий ааль, хаад ноёдын эцэсгүй тэмцэл, тулааны урлагийн мастеруудын түүх гээд Жан Имоугийн сонгосон сэдэв ямар байхаас үл хамаарч киноны өгүүлэмж намуухан уянгалах ятгын аялгуу мэт хөвөрдөг. Үг бүрийн цаана утга шингэж, үзэгдэл бүрээс нь дорнын хэв маяг, уламжлал, өв соёл ханхалдаг. Агуу их сүр хүчийг харуулсан зураглалууд нь угаас Жан Имоугийн онцлог гэлтэй.

Сүр хүчит их цэргийн нүүргэлэн жагсах чимээ, илд эзэмших гайхамшиг, сум мэт шунгинах жад, тулааны урлаг, кун-фүгийн элемэнтүүд… Тэр киноныхоо гол цөм, утга агуулгыг эмэгтэй дүрээр илтгэн гаргахыг эрмэлздэг, үзүүлэх байдлын хувьд өнгийг чухалчилсан байдаг.

“Улаан дэнлүү асаа” нил улаан өнгөөр дэлгэцийг “буддаг” бол “Алтан цэцгийн хараал” киноноос алтадмал шаргал өнгөний сүр хүчийг мэдэрнэ. Түүний бүтээлүүд Хятадын өв соёл, үүх түүхийг шунан судалмаар тийм сэдэл үлдээж чаддаг. Ерөөс найруулагчийн шийдэл үзэгчдийг тэгж татаж чаддаг.

1991 онд дэлгэцнээ гарсан

2006 онд гарсан


ЖАН ИМОУ ГЭЖ ХЭН БЭ?
 

Хятадын тав дахь үеийн кино найруулагч Жан Имоу 1950 оны дөрөвдүгээр сарын 2-нд төржээ. Өдгөө 66 настай тэрбээр Чен Кайгө, Тянь Жуанжуан нарын адилаар Хятадын соёлын хувьсгалаас хойш уран бүтээл хийж буй тав дахь үеийн төлөөлөгч юм.

Жан Шаньси мужийн Шиань хотод төржээ. Эцэг нь Хятадын иргэний дайн үед Гоминданы цэргийн хошууч цолтой хүн байв. 1949 оны ялагдлын дараа Жан Имоугийн ах, авга ах нь Тайвань руу дүрвэжээ.

Жан Имоугийн бага балчир, идэр залуу нас Хятадын олон сая иргэдийн адилаар зовлон зүдгүүрт нухлагдаж өнгөрчээ. 1960-70-аад онд өрнөсөн Соёлын хувьсгалын үед тэр сургуулиа орхиход хүрч, хөдөө фермд, дараа нь даавууны үйлдвэрт 10-аад жил ажилласан байна. Энэ үед тэр уран зураг зурж, фото зураг ч сонирхож эхэлжээ. Сонирхолдоо автаад цусаа өгч, цуглуулсан мөнгөөрөө гэрэл зургийн аппарат авсан гэдэг.

Соёлын хувьсгалын дараахан 1978 онд Бээжингийн кино урлагийн академи үүдээ нээж, оюутнуудыг шинээр элсүүлж эхэлсэн ч тухайн үед 27 настай Жан насны хувьд, бас мэдлэгийн хувьд гологдов. Ингээд Соёлын сайдад тусгайлан захидал илгээж, өөрийн гэрэл зургуудаа үзүүлснээр Бээжингийн кино урлагийн академийн Зураглаачийн ангид элсэн оржээ. Жан тус академийн 1982 оны төгсөлтийнх. Түүний хамт Чен Кайгө, Тянь Жуанжуан, Жан Жуньжао зэрэг Хятадын тав дахь үеийн уран бүтээлчид бэлтгэгдэн гарчээ.

Жан Имоу найруулагчийн анхны бүтээл нь 1987 онд дэлгэцнээ гарсан “Улаан тутарга”. Мо Яны зохиолоос сэдэвлэсэн “Улаан тутарга” кино нь Хятадын кино урлагийн тав дахь үеийг төлөөлж чадахуйц цөөн шилдэг бүтээлийн нэг гэгддэг. Мөн Жан Имоугийн хэв маягийг дэлхийд таниулсан юм. Энэ бүтээл 1988 онд Берлиний олон улсын кино наадмаас “Алтан баавгай”, 1989 оны Брюсселийн кино наадмаас “Шүүмжлэгчдийн сонголт” шагнал хүртжээ. Гол дүрийг бүтээсэн жүжигчин Гун Лиг мөн олон улсад таниулсан бүтээл болсон юм.

1994 онд туурвисан “Амьдрахын төлөө” кино нь ч мөн анхны бүтээлийнх нь адилаар 20 дугаар зууны Хятадын эгэл түмний зовлон зүдгүүрт амьдралын хүнд хүчир, түүний дундах өчүүхэн ч болов гэрэл гэгээ, аз жаргалын амтыг шигтгэсэн бүтээлүүд байв.

Түүний “Улаан дэнлүү асаа”, “Улаан тутарга”, “Цю Жюгийн зарга” “Амьдрахын төлөө” зэрэг кино нь орчин цагийн Хятадын түүхийг өгүүлэх бол харьцангуй сүүлд бүтээсэн “Баатар” /2002/, “Нисдэг хутганы бүлгэм” /2004/ киноноос тулааны урлагийн гайхамшгийг мэдэрнэ.

“Би жүжигчдийг кадрт голлуулан авахаас аль болох зайлсхийж, өвөрмөц өнцгөөс буулгахыг хичээдэг. Кадрт тэгш хэмт бус байдлыг үүсгэх нь драматик нөлөөллийг ихэсгэдэг” гэж Жан Имоу хэлж байжээ.

Бээжингийн зуны олимпийн нээлтийг тэр найруулсан. Дэлхийн хэмжээнд сэтгэж бэлтгэсэн Жангийн найруулга Хятадын түүх, өв соёл, уламжлал, зан заншлыг цогцоор нь харуулж чадсан. Тайзан дээр ч, киноны кадрт ч түүний нарийн торгон мэдрэмж, түүхийг дүрсээр өгүүлэх тэр чадвар, дуу дүрс, өнгөний силуэт нэвт ханхалдгийн жишээ нь Бээжингийн олимп байсан юм.

ГУН ЛИГЭЭС ХОЙШХИ АМЬДРАЛ

Хятадын кино урлагийг Европ, Хойд Америкийн зах зээлд хүргэж чадсан Жан Имоугийн онгод нь Гун Ли байсан гэлцдэг. Ажлын, басхүү амрагийн харилцаатай байсан тэд найман жил хамт амьдраад тус тусын зам мөрийг хөөжээ. Түүнээс хойш ердөө ганцхан жилийн дараа Гун Ли Сингапурын хэмжээлшгүй баян эртэй гэрлэсэн юм. Сингапурын иргэн болсон Гун Ли дөрвөн жилийн дараа тэрбумтан нөхрөөсөө салсан тухай мэдээлэл цацагдсан билээ.

Гун Ли

Жан Имоу өөрийн найруулсан анхны бүтээл “Улаан тутарга”-д Гун Лиг гол дүрээр сонгосон. Японы эзэрхийлэн түрэмгийлэгчдээс дарсны аж ахуйгаа хамгаалъя гэвч хүчин мөхөстөж буй хятад тариачдын тухай өгүүлэх энэ кино Жан Имоугийн ч, Гун Лигийн ч кино урлагт хөл тавьсан анхны бүтээл байсан юм. 1987 онд дэлгэцэнд гарсан “Улаан тутарга”-аас хойш 1990 онд тэд хайр дурлалын харилцаатай болох нь ил болсон. Тухайн үед гэр бүлтэй байсан Жан Имоу сэтгэл нь хөрж, хайр халамжийг өөр хүнээс хүсэмжлэх болсноо эхнэртээ шуудхан хэлсэн гэдэг. “Хүмүүс юу ч гэж хэлбэл хэлэг. Хүссэнээрээ намайг харааг” гэж Жан хэлсэн нь бий. Түүний анхны эхнэр Сьяо Хуа ч нөхрийнхөө залуу жүжигчин бүсгүйтэй ил тод амрагийн харилцаатай болсон тухай дурсамж номдоо бичсэн байдаг.

1993 онд Гун Ли 28 настайдаа түүнтэй гэрлэхийг хүсчээ. Харин Жан овогт энэ тухай хэзээ ч бодож байгаагүй гэж үнэнээ өчсөн гэдэг. Тэдний хайр дурлалын харилцаа хөндийрсөн ч уран бүтээлийн хамтрагчид хэвээр байв. Ингээд 1995 онд “Шанхайн гурвал” кинонд хамтран ажилласны дараа тэд албан ёсоор амрагийн болоод ажлын холбоогоо тасалжээ.

Гун Ли түүний онгодыг хөглөдөг охин тэнгэр нь байсан гэдэг. Нэг талаар ийм боловч, нөгөө талаас Жан Имоу түүгээр оюун сэтгэлгээгээ хайрцаглуулсан байсан ч гэлцдэг. Гун Лигээс салсныхаа дараа Жан “Би цоо шинэ эрх чөлөөг мэдэрсэн” хэмээн ярьсан байдаг.

Жан Имоу, Гун Ли нар 2006

“ЦАГААН ХЭРЭМ”
 

Жан Имоугийн хамгийн сүүлд туурвисан бүтээл нь “Цагаан хэрэм”.

Цагаан хэрмийг гадны түрэмгийлэн эзлэгчдээс бус, харин үлгэр домогт гардаг араатнуудаас хамгаалахын тулд босгосон гэвэл ямар вэ? Даньгунаас Лоб нуур хүртэлх хөврөх 21,196 км урт энэ байгууламжийг нэгэн жаран солигдох мөчид дэлхийн гүнээс гарч ирэх сувдаг шунахай мангасуудаас хамгаалахаар барьсан тухай тус кинонд гардаг. Дарь хайж Хятадад ирсэн өрнийн баатрын тусламжтайгаар таотей гэх ховдог, сувдаг араатанг ялан дийлж, Хятадыг төдийгүй даяар дэлхийг мөхлөөс аварсан тухай өгүүлнэ. Ерөөс хүн төрөлхтний мөнхийн дайсан бол сувдаг шунахай, ханаж цадахгүй сэтгэл гэдгийг илэрхийлжээ.

Баатарлаг эрийн дүрд Холливудын цагаан арьст жүжигчнийг сонгосон Жан Имоу хэсэгтээ л шүүмжлэлийн бай болсон. Түүний дүрд хятад жүжигчин сонгох ёстой байсан гэх шүүмжлэлийн хариуд Жан Имоу “Анхнаасаа л энэ дүрд хятад жүжигчин сонгох төлөвлөгөөгүй байсан. Өрнөдийн нэг тулаанч, Хятадын баатарлаг арми нэгдэж, харилцан нэгнээсээ суралцаж, харилцан биенээ дэмжиж араатныг устгаж буй тухай юм. Түүнээс биш цагаан арьст баатрууд Хятадын баатруудаас илүү, эсвэл цагаан арьст жүжигчний оронд хятад жүжигчнийг орлуулах тухай асуудал биш” гэж ярьжээ.

“Цагаан хэрэм” кино Хятадад бүтээгдсэн хамгийн өндөр өртөгтэй кино. Нийт 150 сая ам.долларын өртгөөр бүтсэн.

Голдуу реалист амьдралыг хүүрнэсэн бүтээл туурвиж байсан Жан найруулагчийн хувьд анхны уран зөгнөлт кино нь юм. Хятад хэл дээр 20 гаруй бүтээл туурвисан, Бээжингийн олимпийн наадмын нээлт ба хаалтын ёслолыг найруулсан тавьсан түүний шинэ бүтээл хүлээлт өндөртэй байгаа. “Цагаан хэрэм” арванхоёрдугаар сарын 15-наас Хятадын кино театруудаар гарч эхэлсэн ба өдгөө Азийн үзэгчдэд хүрч байна. Харин ирэх хоёрдугаар сарын 17-нд АНУ-д нээлтээ хийхээр төлөвлөжээ.

Монголын үзэгчид харин “Цагаан хэрэм”-тэй хэдийнэ “танилцаж” амжсан.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж