Контемпорари урлагийг ойлгоход тийм ч амар биш. Орчин цагийн уран бүтээлчдийн сэтгэлгээг ойлгож хүлээн авахын тулд эхлээд ХХ зууны урлагаа баримжаалах хэрэгтэй. Тиймээс ХХ зууны сор бүтээлийн антологи болон дүрслэх урлагийн түүхийн бусад номыг эх үүсвэр болгон, өөрийн сонголтоор, эхний ээлжинд 50 зураачийн бүтээлээр бяцхан бичвэр бэлдлээ. ӨГ-ийн дугаар бүрээс та зураачдын бүтээлийг задалсан товч тайлал, эсвэл бичил эсээ унших бөгөөд үүний заримыг шууд орчуулж, заримыг нь өөрөө бичсэн болно.
ӨГ галерейд тавтай морил!
ӨГ=40
УРТЫН ДУУЧИН шиг МОМОКО
“Абстракт урлагаас чи юуг олж хардаг вэ? Юу ч гэж хариулсан энэ БУРУУ ХАРИУЛТ болохгүй. Төсөөллөө ашигла! Аливаа зургийг харахдаа чи өөрөө нэгэн түүх бодож олоод түүндээ итгэ! Зөвхөн абстракт урлагт ч биш ерөөсөө энэ амьдралд ХЭРХЭН ХАРАХ-аас бүх юм шалтгаална. Амьдралыг хайрла! Абстракт урлагийг хайрла! Илэрхийллийн хязгааргүй эрх чөлөө, үй олон тайлал зэргээс нь болж би энэ урлагийг онцгойлон үзэх болсон. Нэг л бүтээлээс үзэгч бүр өөр өөр зүйл олж хардаг. Хийсвэр урлагийн энэ л гол шинж чанарт тулгуурлан, үзэгчдэд миний ажлаас ялгаатай тайлал олж харах боломжийг олгохын тулд би зурж байх явцдаа зөвхөн зохиомж, өнгө хоёр дээр л төвлөрдөг юм. Би ямагт УР ДҮЙТЭЙ, ГҮЙЦЭТГЭЛ САЙТАЙ байдлыг эрхэмлэдэг. Онгод дангаараа ЯМАР НЭГЭН ЗҮЙЛ байж чадахгүй. Чадвар л урлагийг УРЛАГ болгодог. Миний ашигладаг техникүүд бол сургуульд эсвэл урланд заалгасан зүйлс биш. Цор ганц, давтагдашгүй байдалд хүрэхийн тулд би өөрөө энэ бүхнийг нээж олох шаардлагатай болсон” гэж Япон гаралтай Америк зураач Момоко Судо ярилцлагадаа өгүүлжээ.
Түүний ажлуудыг үзсэн хүн бүр компьютерээр л хийсэн гэж боддог.
Гэвч тэр зураас бүрийг өөрийн гараар татдаг юм. Асар их төвлөрөл! Нэгэн төрлийн БЯСАЛГАЛ юм даа.
Момоко Судогийн хамаардаг оптик арт буюу харааны урлаг нь дүрслэх урлаг дахь абстракт минималист чиглэлийн тод жишээ билээ. Гайхмаар энгийн атал гайхалтай хувирах чадалтай түүний бүтээлүүд нэгдүгээрт маш орчин үеийн, хоёрдугаарт дээд зэргийн гүйцэтгэлтэй, гуравдугаарт онцгой хөдөлгөөнтэй байдаг. Ийм гурван онцлох шинжээрээ Момокогийн зургууд ихээхэн алдаршсан юм.
Эдгээр зураасыг татаж байхдаа Момоко уртхан ч амьсгал авдаггүй байх гэж би төсөөлдөг.
Нэг зураас, нэг амьсгал! Амьсгаагаа түгжин байж тоглодог лимбэний жингэнэсэн, салхин аялгуу шиг! Бас уртын дуу шиг!
ЭХ СУРВАЛЖ: ӨЛЗИЙТӨГС ЛУВСАНДОРЖ