Сонгуулийн кампанийнхаа үеэр амласан ёсоор АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп АНУ ба Мексикийн хилийн дагуу 3200 км үргэлжлэх хэрэм барих зарлигт гарын үсэг зурлаа. Одоо үүнд зарцуулах төсвийг Конгресс батлах ёстой юм. Ерөнхийлөгчийн үзэж буйгаар хэрэм босгох ажилд найман тэрбум ам.доллар шаардлагатай, гэхдээ шүүмжлэгчид үүнээс хоёр дахин их мөнгө зарцуулагдана гэж үзэж байгаа юм.
Ерөнхийлөгчийн албан ажлаа хүлээн авсан эхний өдрөө Трамп Obamacare эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрийг цуцлах эхний алхмыг хийсэн. Залгуулаад тэр “Номхон далай дамнасан түншлэл” гэгддэг чөлөөт худалдааны хэлэлцээрээс татгалзаж, NAFTA буюу Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ ч одоо дээсэн дөрөөн дээр байна. Үр хөндөлт хийдэг байгууллагуудад олгодог олон улсын тусламжийг хориглож, өмнөх засгийн газрын зогсоогоод байсан Keystone XL буюу Дакотагийн газрын тос дамжуулах хоолойн төслийг дахин сэргээв. Энэ мэтээр сонгуулийн кампанийн үеэр ярьж, хэлж байсан зүйлсээ эхнээс нь ажил хэрэг болгож эхэллээ.
Одоо дараагийнх нь хана хэрэм босгох тухай асуудал болж байна. “Маргааш үндэсний аюулгүй байдлын хувьд ЧУХАЛ ӨДӨР байх болно” гэж өчигдөр твиттертээ бичсэн АНУ-ын төрийн тэргүүн өнөөдөр /орон нутгийн цагаар лхагва гаригт/ АНУ болон Мексикийн хилийн дагуу хэрэм босгохоор зарлиг гаргалаа. Мөн тэрбээр хууль ёсны бичиг баримтгүй цагаач иргэдийг орогнуулдаг гэх хотуудаас татаас авахаар шийджээ.
Хэрэм босгох хөрөнгийг 100% АНУ-ын төсвөөс гаргах гэнэ. Гэхдээ явцын дунд Мексикээс зардлыг бүрэн нөхөн авна гэв.
Харин Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньето хариу мэдэгдэлдээ “Мексик улс ямар ч хананы төлөө ямар ч мөнгө төлөхгүй” гэсэн байна. Гэхдээ тэр ирэх долоо хоногт АНУ-д хийх айлчлалаа цуцлахгүй гэжээ.
Цагаадчын асуудалтай холбоотой өөр нэгэн хүлээгдэж буй шийдвэр нь Ойрхи Дорнод болон Африкийн долоон орноос цагаач иргэдийг хүлээн авахаас татгалзах тухай юм. Хараахан үзэглээгүй байгаа найман хуудас бүхий зарлигийн төслийн талаар барууны хэвлэлүүд мэдээлж байна. Төсөлд Сирийн дүрвэгсдийн хөтөлбөрийг тодорхойгүй хугацаагаар зогсоох, АНУ-ын аюулгүй байдалд заналхийлж буй гэх улсуудын иргэдэд виз олгохоос татгалзах зэрэг асуудал багтжээ. Тэдгээр орнуудын нэрс тодорхой болоогүй байгаа ч Сири, Ирак, Иран, Ливи, Судан, Сомали, Йемен зэрэг улс багтсан гэх мэдээлэл байгаа юм.
Цагаан ордны зүгээс төслийн талаар албан ёсны тайлбар өгөөгүй ч гарын үсэг зурж, баталгаажуулахын өмнө нягтлан судлах шаардлагатай гэж мэдэгджээ.
С.ЦЭЛМЭГ