“Ард түмний онц түр зөвлөл”-өөс “Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэд хэвлэлийн хурлаар дамжуулж “оффшорын хуулийг” дэмжихгүй байхыг УИХ-ын гишүүдэд уриалж байна. Мөн төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа оффшор данс эзэмшиж байсан нь гэх хүмүүст хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаа аж.
“Ард түмний онц түр зөвлөл”-ийн анхны нээлттэй зөвлөгөөн өнгөрсөн сард болсон байна. Энэхүү зөвлөгөөнөөр байнгын хуралдаантай чуулган байгуулж, удирдах зөвлөлийн гишүүдээ сонгожээ. Ингээд тус зөвлөлийн Ерөнхий зохицуулагчаар С.Батчулуун томилогдсон байна.
Тэрбээр хэлэхдээ “оффшор гэдэг жижиг ярианы сэдэв болсоор олон жил боллоо. Оффшор бол өнгөрсөн 27 жилийн гажуудлын үндэс юм. Үлгэр жишээ байх ёстой хаадууд нь хулгай хийж эхэлснээс хойш миний эх орон эмгэнэлтэй байдалд хүрч байна. Зарим хүмүүс хулгайлсан мөнгөө оффшорт хураасан. Тиймээс ийм улстөрчдийг шалгаж, хянаж, хариуцлага тооцох ёстой” гэлээ.
Мөн “Оффшор данстай гэх С.Баяр, Сү.Батболд нарт хариуцлага тоохоын оронд албан тушаалд томилж явуулж байгаад хамарсаж байна” гэв.
“Ард түмний онц түр зөвлөл”-ийн гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаас оффшор данстай улстөрчдийг шалгаж, хариуцлага тооцох хүсэлтийг хүргүүлсэн байна.
Мөн улс төрийн намуудад хандаж “Ард түмэн та бидний итгэж сонгогдсон Монголын төр засгаар оффшор данстай, оффшорт нэр холбогдсон улс төрчдийг шалгуулах шударга үйлсийн дор эвлэлдэн нэгдэцгээе. Тэд нам үл харгалзан үгсэн хуйвалддаг бол бид үзэл бодол үл харгалзан нийтээрээ эвлэлдэн нэгдэцгээе” хэмээн уриаллаа.
Т.НОМИН