“Хүндэт” доноруудыг нийтийн тээвэрт хөнгөлөлттэй үнээр зорчуулахыг хүслээ

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

“Хүндэт” доноруудыг нийтийн тээвэрт хөнгөлөлттэй үнээр зорчуулахыг хүслээ

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн долоо хоног бүрийн лхагва гарагт 11.00 цагт Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын уулзалтын өрөөнд иргэдийг хүлээн авч уулзаж байхаар болсон. Үүний дагуу НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, төлөөлөгч Ё.Цацралтуяа нар иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Монголын трансфузиологчдын холбооны ерөнхий захирал С.Отгонбаяр нийслэлийн хүндэт доноруудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчуулах хүсэлт гаргав. Ахмад хүндэт донор Д.Цэцэгдэлгэр “Би 1968 оноос цусаа өгч эхэлсэн. Түүнээс хойш 44 жил донор болж явжээ. Ер нь доноруудыг нийтийн тээврээр хөнгөлттэй үнээр зорчуулахыг дэмжиж байгаа. Одоогоор цусны нөөц ховор байна. Цусаа өгснөөр би эрүүл байж, хүний амь нас авардаг гэж бахархаж явдаг” гэлээ.

Хүндэт донорт төрөөс жилд нэг удаа 140,000 төгрөг өгдөг байна. Залуу доноруудыг амралт сувиллын газарт амраадаг аж. Тус ТББ-д хөдөлмөр эрхэлдэг 244 донор бий гэсэн тоо байгаа бөгөөд 17-60 хүртэл насны иргэд цусаа бэлэглэх боломжтой гэдгийг Монголын трансфузиологчдын холбооны ерөнхий захирал С.Отгонбаяр хэллээ. Энэ асуудлыг цааш уламжлахаа НИТХ дахь АН бүлгийн төлөөлөгчид хэллээ.

Агаарын бохирдол бууруулж, шатахуун хэмнэх бүтээгдэхүүнийг дэмжихийг хүсэв

Тэгвэл өнөөдрийн уулзалтын үеэр “Жим Вейл Монголия Интернейшил” компанийн захирал Б.Барысбек нано шатахууныг нэвтрүүлснээр агаарын бохирдол, тортогжилтыг бууруулах боломжтой талаар танилцуулсан нь сонирхол татсан. 

Тэрбээр энэхүү шатахууны нэмэлтийг ашигласнаар авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол 98 хувь хүртэл бууруулах боломжтой гэв. Ингэснээр нийслэлийн агаарын бохирдлыг 20 хувиар бууруулж чадах аж.

Мөн тэрбээр уг шатахууныг хэрэглэснээр шатахуун зарцуулалтыг хамгийн багадаа 10 хувиар хэмнэх бололцоотой. Өмнө нь 10 литр шатахуунаар 100 км зай туулдаг байсан бол F2-F1 Fuel-ээр баяжуулснаар 10 литр нано шатахуунаар 110 км-ээс дээш зайг чөлөөтэй туулна гэдгийг хэллээ.

Уг бүтээгдэхүүнийг 2012 оноос хэрэглээнд нэвтрүүлж иржээ. “Гурвалсан нанотехнологи” болох “F2-21” төсөл нь АНУ-ын H2OIL корпорацийн зохион бүтээсэн, моторын тос болон нүүрсний чанарыг сайжруулагч шингэн юм. Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэхийг НИТХ дахь АН-ын бүлгээс хүсэж байгаагаа Б.Барысбек захирал илэрхийллээ.

“Хотын шийдэл” уулзалт болно

“Хотын шийдэл” иргэдийн уулзалтанд хотоо хөгжүүлэх санал шийдэл, хамтран ажиллах санаачилга, иргэдийн санал хүсэлтийг тогтмол авч байх юм. Иргэд өөрийн биеэр ирж амжихгүй тохиолдолд 9900-4811, 8805-1070, 11-310428 дугаарт холбогдон санал хүсэлтээ хэлэх боломжтой. Түүнчлэн “НИТХ дахь Ардчилсан Намын Бүлэг” фэйсбүүк, “Нийслэл АН бүлэг” твиттер хуудсаар иргэдийн саналыг авч байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: НИТХ-ЫН АН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж