Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн сунгаа өнөөдрөөр дуусч байна.
Тус намын даргын сонгуульд Л.Гантөмөр, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нарын таван хүн өрсөлдөж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр "МоАН санаачилга" хэвлэлийн хурал хийж, намын даргад Л.Гантөмөрийг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.
С.Эрдэнэ, Ж.Батзандан хоёр З.Энхболдын “Шонхор” фракцид харъяалагддаг. Гэхдээ энэ удаад “Шонхор”-ынхон Ж.Батзандангаа орхиж, С.Эрдэнийгээ “сойж” буй. Мөн МоАХ буюу Х.Баттулгын талынхан С.Эрдэнийг балиашиглаж байна. Тэгвэл Н.Алтанхуягийн ард “Алтангадас”-ынхан ажиллаж, Д.Эрдэнэбатыг МҮДН-ынхан, Л.Гантөмөрийг МоАН санаачлага дэмжиж байна.
Намын даргын сунгааны өмнө “Нэг Ардчилал”-ынхан татан буугдсан. Тиймээс тус фракцийн гишүүд "МоАН санаачилга"-д нэгдэж байгаагаа албан ёсоор ийн зарлав. Тэд "МоАН санаачилга"-тай хамтарч, АН-ын шинэчлэл, намын үнэт зүйлийг сэргээхийн төлөө хамтарч ажиллахаа илэрхийлэв.
Энэ тухай мэдээлсэн хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт болсон. Хурлын үеэр “Л.Гантөмөрийн хувьд хар багаасаа намдаа зүтгэсэн туршлагатай, мэдлэг боловсролтой, намаа удирдах хэмжээний чадвартай залуу гэж үзэж байгаагаа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл хэлэв.
Тэд мөн хэрэв Ардчилсан нам бодлогын нам болох, цаашлаад жинхэнэ утгаараа шинэчлэгдэе гэвэл шинэ залуу хүнийг сонгохыг нийт гишүүддээ хандан уриалсан юм.
Ш.ЧИМЭГ