Гишүүний эхнэр, хүүхэд гадаадад сурч болохгүй

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

Гишүүний эхнэр, хүүхэд гадаадад сурч болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оффшорыг зохицуулах Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг албан тушаалтнууд оффшор бүсэд данс нээлгэх, хувьцаа эзэмших, хуулийн этгээд байгуулахыг хориглохоор заасан юм. Нийтдээ 39800 улстөрийн болон төрийн албан тушаалтнууд дээрх хуульд захирагдах байсан.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг хийх шатанд хүрээллийг багасгаж, 301 хүнд дээрх төсөл үйлчлэхээр, ингэхдээ гэр бүл, үр хүүхэд нь мөн гадаадад данс нээлгэх, хувьцаа эзэмших, хуулийн этгээд байгуулах зэрэг нь хориглогдохоор болж, өөрчилсөн байна.

Ийм саналыг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нар гаргасныг гишүүдийн олонхи нь дэмжсэн. Хэрвээ энэ саналыг одоо чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхи нь дэмжвэл УИХ-ын гишүүний эхнэр, нөхөр, хүүхэд гадаадад суралцах, бизнес эрхлэх боломжгүй болох юм.

Гишүүдийн гэр бүлийн эрх энэхүү хуулиар хөндөгдөж, суралцах, боловсрох, бизнес эрхлэх, ажиллаж хөдөлмөрлөх эрх нь хязгаарлагдаж эхэлсэн тул УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлага байна гэж үзсэнээр төслөөр тав хоногийн завсарлага хүслээ.

УИХ-ын дарга хүсэлтийг хүлээн авч, УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага өглөө.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж