Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкнуудын чанаргүй зээл 5,4 тэрбум төгрөгтэй гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2 дахин нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд чанаргүй зээл нэмэгдсэн гол шалтгаан нь эдийн засгийн идэвхжил муу, иргэд аж ахуй нэгжийн худалдан авах чадвар буурсантай холбоотой гэж үзэж байна.
Зээлийн ангиллын хувьд авч үзвэл нийт зээлийн 40 гаруй хувийг цалингийн зээл дангаар эзэлдэг бол 18 орчим хувийг орон сууцны зээл эзэлдэг байна. Чанаргүй зээл дотор хамгийн их хувийг цалингийн зээл эзэлдэг бөгөөд энэ нь ажлаас гарах зэрэг шалтгааны улмаас зээлээ төлөхгүй байх явдал нөлөөлдөг гэдгийг мэргэжилтэн хэллээ.
Чанаргүй зээл өсөх нь зээлийн эрсдэлийн сан байгуулахад зардал нэмэгдэх сөрөг нөлөөтэй учраас чанаргүй зээлтэй иргэдэд нэмж зээл олгодоггүй юм байна. Нэмж мэдээлэхэд Арилжааны банкнуудын дүнгээр өнгөрөгч онд 199.3 тэрбум төгрөгийн зээлийг 64.2 мянган иргэд, аж ахуйн нэгжид олгосноор зээлдэгчийн тоо өмнөх оноос 7.4 хувиар, олгосон зээлийн хэмжээ 2.9 хувиар багассан байна.
Банк бус санхүүгийн 2 байгууллага, 10 хадгаламж зээлийн хоршоод 550 хадгаламж эзэмшигчийн 2.5 тэрбум төгрөгийн хадгаламжийг төвлөрүүлж, 2484 иргэд, аж ахуйн нэгжид 5.5 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Энэ нь Өмнөх оны мөн үеэс зээлдэгч 12.6 хувиар буурч, олгосон зээлийн хэмжээ 7.0 хувиар, хадгаламж 4.3 хувиар өсжээ.
ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN