Өдгөө 85 настай Я.Доржсүх гуайнх 30 м.кв хэмжээтэй жижигхэн байшингаа шалны халаалтаар халаагаад гурван жил болж байгаа аж. Эднийх өмнө нь төслийн “Өлзий” зуухтай байсан бөгөөд байшингаа нүүрсээр халаадаг байсан тухай бага охин Д.Эрдэнэ ярилаа.
Тэрбээр “Аав, ээж хоёр маань настай хүмүүс учраас өглөө, оройдоо гал түлэхэд хүндрэлтэй байдаг байсан. Тиймээс аав, ээж маань байшингаа шалны халаалттай болгосон юм. Одоо тэд маань өглөө эрт боссон ч орой унтахад нь байшин нь дулаахан, тав тухтай байдаг болсон” гэв.
Монгол Улсын Засгийн газрын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх шийдвэрийг энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 90 орчим хувь буюу 120 мянга гаруй өрх хоёр тарифт тоолууртай. Эдгээрийн нэг нь Я.Доржсүх гуайнх. Тиймээс энэ удаагийн сурвалжлагаа өндөр настан Я.Доржсүхийнхээс хийсэн юм.
“Бид хоёр байшиндаа гал түлж, утаа тортог гаргахгүй их амар байна. Одоо шалны халаалтаа тохируулаад л дулаанаа шийдчихнэ. Өдөрт халаалтын дулаанаа багасгаж, оройдоо дулаанаа нэмдэг. Болж өгвөл айл бүр л ийм халаагуураар дулаанаа шийдээсэй гэж” хэмээн гэргий Л.Долгорсүрэн гуай ярилаа.
Өндөр настан Я.Доржсүх гуайнх гурван жилийн өмнө нэг сая гаруй төгрөгийн өртөгтэйгээр шалны халаалтаа тавиулж байжээ. Өмнө нь цахилгааны төлбөрт 150 мянган төгрөгийг төлдөг байсан бол одоо өдөр, шөнийн тарифт тоолуураараа цахилгааны хөнгөлөлтөд хамрагдснаар сард 90 мянган төгрөг л төлөх байх гэв. “Манайх өмнө нь нүүрс түлдэг байхдаа өвөлдөө 500 мянган төгрөгөөр нүүрс худалдан авдаг байсан. Гэтэл одоо сардаа 80, 90 мянган төгрөгийг цахилгааны төлбөрт төлж байгаа ч цэвэрхэн орчинд, тоос тортоггүй тав тухтай амьдарч байна” хэмээн өвгөн буурал сэтгэл хангалуун өгүүлсэн юм.
Хоёр буурлынх Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо буюу Хайлаастад хашаа байшинд амьдардаг. Тус хороо нь нийт 2000 гаруй өрхтэй бөгөөд эдгээрээс 40 гаруй өрх нь цахилгаан халаагуураар байшингаа халаадаг байна.
Энэ талаар 13 дугаар хорооны Засаг дарга Г.Бадамгарав хэлэхдээ “Манай хороонд өдөртөө нүүрсээ түлээд, шөнө нь халаагуур залгадаг олон айл бий. Мөн энэ жил гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр айл өрхүүд маань хотын утааг бууруулах тал дээр анхаардаг болсон. Манай хорооны иргэд утааны эсрэг эко технологийн үзэсгэлэнгүүдтэй танилцаж, эдгээр төхөөрөмжийг гэртээ авч тавих нь хэрэгтэй гэж дэмжиж байсан” гэв.
Түүний бага охин Д.Эрдэнэ “Манайх өнгөрсөн жил зурган халаалтыг байшиндаа байршуулсан ч тун зутруухан өвөлжсөн. Тэгээд энэ жил ханан пийшин өрүүлж, өвөлжиж байгаа” гэв.
Ер нь гэр хорооллын иргэдийг бүгдийн орон сууцанд хамруулах боломжгүй. Тийм учраас улсаас зохих хэмжээний хөнгөлөлт үзүүлж, анхнаас нь халаалтын системийг хэрэглээд хэвшүүлэх нь хэрэгтэй гэсэн саналыг ч иргэд дэвшүүлж байсан юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ