Үлгэрч хөөрхий, итгэгч бүр хөөрхий

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

Үлгэрч хөөрхий, итгэгч бүр хөөрхий

Юу юугүй л Гадаад харилцааны сайдыг “гавлаад”, “шорлох”-ыг шахсан нь Асашёорүю Дагвадорж аваргын олон нийтийн сүлжээнд тавьсан постоос болсон хэрэг. Тэрбээр "Энэ сайн өдөр шоконд орохоор мэдээ сонслоо!!! Хятадын иргэд Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих болсон байна! 1 сарын 5-наас!!!!!" хэмээн жиргэсэн нь багагүй дуулиан тарьж, Гадаад харилцааны яам хариу мэдэгдэл хийхэд хүрсэн.

Аварга энэ тухай ямар ч албан эх сурвалжаас аваагүй харь хүнээс сонссоноо нүүр номоороо дамжуулсан бололтой. Энэ мэдээг гурван цагийн дотор 987 хүн бусдад түгээж, доор нь олон арван хүн дургүйцлээ илэрхийлэв.

Хуурай өвсөнд ассан түймэр мэт тархсан энэ цуурхалд аргаа барсан Гадаад харилцааны яам амралтын өдөр мэдэгдэл гаргахад хүрэв. Аварга ч шокноосоо гарч мэдэгдлээ устгах нь тэр. Хуурамч мэдээллийг тарааж, түүгээр “голоо зогоогчид” сошиал ертөнцөд олширсоор ахуйд сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандсан аварга жин нэмэв. Энэ хуурамч мэдээллийг багаар бодоход 1000 орчим хүн цааш түгээж, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл түүнийг нь баталгаажуулалгүй түгээсэн нь олон хүний “хуучийг” сэдрээж, сошиалаар дүүрэн тэмцэл, хувьсгал болсон нь тоогүй.

Нэгэн зүйл буюу нэжгээд жишээ

“Ард Аюуш” киноны Цэцэг нуурын дугуйланг санагдуулам “Нэгэн зүйл”-үүдтэй, магтан матсан хуурамч мэдэгдлийг харсан биз ээ. Ардчилсан намын даргын сунгаа ид эрчээ авч буй үед “С.Эрдэнэ дэмжигч Залуус” нэртэй хуудас “фэйсбүүк”-т нээж С.Эрдэнийг өмөөрч буй мэт муулж, зориуд төөрөгдүүлэхгүйн тулд бусдыг нь утга, авцалдаагүйгээр гүжирдсэн хар сурталчилгааны ядуухан технологи бас л багагүй шуугиан болов.

С.Эрдэнийн сонгогдсон тойрог болох Баянгол дүүргийн “АН-ын дэмшигч, гишүүдийн холбоо” гэсэн уг мэдэгдэл нь магтахаасаа илүүтэй доромжилж, зарим талаар монгол хүний амнаас гарахгүй муухайгаар хэлсэн нь сошиал ертөнцийхнийг зугаацуулав.

Хуурамч мэдэгдлийн араас бас л мэдэгдэл гаргахад хүргэв.

Залруулга мэдэгдэлд, тус гүтгэлэг, доромжлол нь АН-ын даргын сонгуульд нэр дэвшиж байгаа С.Эрдэнийг хууль зөрчсөн мэтээр иргэдэд мэдээлэл өгөх түүнийн нэр хүндийг гутаан доромжлох зорилготой байна. Энэхүү гүтгэлгийн үйлдсэн этгээдийн үйлдэл нь эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйл, 252 дүгээр зүйл, 254 дүгээр зүйлд хамаарч байгааг анхааруулж байна гэсэн мэдэгдлийг БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМ-аас гаргав.

Ийм хуурамч хуудас сонгууль болох үед бишгүй олширдог. Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалын нэр болон фото зургийг ашиглан www.twitter.com @UdvalNacag гэх нэрээр хуурамч хаяг шинээр үүсгэж худал мэдээлэл тараасан.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны нэрийг ашиглаж гар утас хэрэглэгчдэд "Нийслэл хотын гэр хорооллын иргэдийг хямд /27500 төгрөг/ нүүрсээр хангах нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжиж 1111 төвд саналаа хэлцгээе залуусаа. НАМЗХ" гэсэн мессеж илгээж ч байлаа.

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлийг дэмжигчдийн хуудас гээч бас нэгэн бөөлжис цутгам хуурамч хуудас бий. Ингээд жишээлбэл олон жишээг энд дурдаж болно. Ерөнхийлөгч, төмөр зам, гадаад, дотоодын банк, монгол болоод дэлхийн мисс, Тавантолгой, Оюутолгой гээд олны анхаарал татсан сэдэв, гадна дотны “толгой”-нуудыг тоншоогүй орхисон нь ховор.

Хамгийн уршигтай нь тэрхүү “үлгэрт” итгэгч “хүүхдүүд” дэндүү олон. Хуурамч мэдээллээс болоод нэр хүндээрээ хохирсон, амиа хорлохыг хүртэл завдсан тохиолдлууд цагдаагийнханд бүртгэгджээ.

Энэ гэхдээ зөвхөн Монголд ч байгаа асуудал биш. Дэлхийг хавтгай болгосон интернэт сүлжээнд нүүрлэсэн “гамшиг” болсныг Facebook хуудсыг үүсгэн байгуулагч Марк Зукербергийн мэдэгдэл нотлоно. Тэрээр шинэ оны өмнө хуурамч мэдээлэлтэй тэмцэх арга хэмжээг чангатгана гэж мэдэгдсэн. Харин тэрбээр хуурамч мэдээлэлтэй тэмцэх аргаа танилцуулна гэсэн ч одоохондоо хэрхэн тэмцэх, яах нь тодорхойгүй байна.

Хэдийгээр хуурамч мэдээллийг таних технологи зохиож байгаа ч үнэн мэдээллийг нь таньж чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Хамгийн гол нь бид Э.Бат-Үүл баатрын тодорхойлсноор нэрээ, нүүрээ нууцалсан “лалруудад” өөрсдөө итгээд байгаа явдал. Хуурамч мэдээллийг хамгийн түрүүнд олон нийтийн сүлжээнд оруулж байгаа этгээдүүд бүгд нэр зээлдэгчид эсвэл хуурамч нэртнүүд. Аварга шиг сэтгэлийн хөөрлөөр албан ёсны хуудастаа мэдээлсэн, тэр нь олон хүнд хүрсэн тохиолдол ховорхон.

Нэг ёсны гүтгэлэг, доромжлол. Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээхүйц энэ мэт явдалд хууль, хяналтынхан оролцох ёстой хамгийн найдвартай арга нь аливаад ултай суурьтай хандаж, сэтгэлийн хөөрлөөр мэдээлэл хандахгүй байх нь чухал. Нөгөөтэйгүүр та анх худал мэдээлэл тараасан эзэн нь биш ч түүнийг түгээснээрээ хамсаатан болоод байна гэдгээ л ойлгох хэрэгтэй болов уу.

Өнөөдөр худал мэдээний “үлгэрт” итгэгчид дэндүү олон байгааг түүний түгээлт, хандалтаас харж болно. Хэрэвзээ бид тийм мэдээлэлд нүүр өгөхгүй байж чадвал аяндаа алга болох нь хэнд ч ойлгомжтой. Эрэлт байгаа газарт л нийлүүлэлт байдаг. Олон нийтийн анхаарлын төвд байдаг, ялангуяа улстөрчид үүнд хамгийн их “хөрөнгө оруулалт” хийгээд байгаа нь өрөвдөлтэй. Жиргээ, постынхоо тоогоор цалинждаг аятай сошиалын “буг” бологсод ч манай УИХ, Засгийн газарт цөөнгүй бий. Үнэмшилтэй ч гэсэн “үлгэр бол үлгэр”. Үлгэрт итгэх эсэх нь таны л хэрэг. Өдий том болчихоод үлгэрт итгэж байвал үнэнийг мэдэх гээд хэрэггүй биз ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж