УДШ-ийг Үндсэн хуулийн цэц болгох ёстой

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

УДШ-ийг Үндсэн хуулийн цэц болгох ёстой

Засгийн газар болон УИХ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг судалж байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Үндсэн хуулийг батлалцаж явсан Ардын их хурлын депутатын нэг, иргэн Д.Ламжавтай ярилцлаа.


Д.Ламжав: Үндсэн хуулийг эцэслэн батлахад ард нийтийн санал асуулгаар хийх нь жинхэнэ ард нийтийн төртэйгээ байгуулсан гэрээ гэдэг утга санаанд нь дүйж очно.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар сүүлийн хэдэн жил ярьж байна. УИХ, Засгийн газар дээр Үндсэн хуулийн шинэчлэл дээр ажиллах хоёр ч ажлын хэсэг байгууллаа. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв үү та юу гэж бодож байна?

Үндсэн хуулийг өөрчлөх хангалттай шаардлага байгаа. Өмнө нь дутагдалтай хийсэн зүйлийг засч залруулахгүй бол улсын хэмжээнд том асуудалд хүргэж болохоор байна. Төрийн эрх мэдлийг хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх гурван эрх мэдэлд хуваарилахдаа харилцан хяналттай, харьцангуй бие даасан байдлаар хуваарилах зарчим дээр манай Үндсэн хуулийн том алдаа байгаа. Үүнийг засах ёстой. Түүнээс гадна сонгуулийн замаар том эрх мэдэл олж авдаг намуудыг үүрэгжүүлэх асуудлыг Үндсэн хуульд суулгаж өгөөгүй, орхигдуулсан. Үүнийг засч, хязгаарлах арга хэмжээг авах ёстой. Мөн Үндсэн хуульд орон нутгийн түвшинд өөрчлөлт хийх ёстой.

Тодруулбал, аймгийн Засаг даргыг шууд сонгодог, эсвэл хүн цөөтэй газар томилдог тогтолцоонд шилжих хэрэгтэй. Ингэх замаар үр ашиг муутай ИТХ-ын тогтолцооноос салж, иргэдийн шууд оролцоог олон хэлбэрээр хангадаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Засаг дарга бол гаргасан шийдвэрээ бүрэн хариуцдаг байх шууд тогтолцоонд шилжих нь зүйтэй. Ер нь бол Үндсэн хуулийг өөрчлөх маш олон шаардлага өнөөгийн бидэнд тулгарч байгаа.

Үндсэн хуульд УИХ-аас эхлэн олон шатны хурлуудад давуу эрх олгосон байдаг. Үр ашиг муутай ИТХ-ын тогтолцооноос салж, иргэдийн шууд оролцоог яаж хангах ёстой юм бэ?

БҮХ САЙДЫГ НЭГ БҮРЧЛЭН УИХ ТОМИЛЖ БАЙГАА НЬ МӨН ЧАНАРТАА ЕРӨНХИЙ САЙД АЛБАН ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХҮРЭЛЦЭХҮЙЦ ЭРХ МЭДЭЛГҮЙ БОЛСОН.

Ардчилсан тогтолцоотой улсад төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэсэгт хуваадаг. Харьцангуй бие даасан, бие биеэ хянадаг харилцан тэнцвэртэй байлгахыг онолын үүднээс сургадаг. Энэ нь төрийн зүгээс дур зоргоороо авирлах явдлыг хязгаарлах үндсэн арга гэж үздэг. Энэ зохицуулалтыг Үндсэн хуулиараа тогтоохыг зорьдог. Манай Үндсэн хуулийг энэ талаас нь авч үзвэл УИХ-д хэт их эрх мэдэл олгосон байдаг. Бүх сайдыг нэг бүрчлэн УИХ томилж байгаа нь мөн чанартаа Ерөнхий сайд албан үүргээ хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц эрх мэдэлгүй болсон. Энэ тухай одоо бүгд ярьж байна. Засаг даргыг нийтээр сонгодог, цөөн хүнтэй нөхцөлд дээд шатны Засаг дарга нь томилдог зохицуулалтад шилжих ёстой. Иргэдийн оролцоог илүү боловсронгуй уян хатан зарчимд Засаг дарга гаргасан шийдвэрээ бүрэн хариуцдаг зарчимд шилжих хэрэгтэй. Аймгийн Засаг дарга аймгийн төв оршин буй хотоо, сумын Засаг дарга сумын төв оршин байгаа тосгоноо нэг мөр хариуцдаг тогтолцоонд шилжих хэрэгтэй байгаа юм.

Үндсэн хуулийг өөрчлөхдөө хэсэгчлэн өөрчлөлт оруулах, бүхэлд нь өөрчлөлт оруулах ёстой гэсэн зарчмууд яригдаж байна. Тэгэхээр яаж өөрчлөлт оруулах ёстой юм бэ. Дордуулсан долоон өөрчлөлт шиг болгочих вий гэсэн болгоомжлол бий?

Дордуулсан долоон өөрчлөлт бол зөвхөн Үндсэн хуульд байгаа дутагдлын нэг хэсэг нь. Үндсэн хуулиа авч үзэхдээ бүхэлд нь харж, засч залруулах хэрэгтэй гэж би бодож байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлт хийхдээ шуурхай ажиллах ёстой. Хамгийн чухал зүйл бол Үндсэн хуулийн сайн төсөл боловсруулах хэрэгтэй.

-Анхны ардчилсан Үндсэн хуулийг 1992 онд батлахдаа ард нийтийн санал асуулга явуулаагүй. Харин энэ удаад санал асуулга явуулах ёстой гэсэн байр суурьтай хүмүүс олон байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард нийтээс санал авах шаардлага байна уу?

-Хоёрын хооронд юм асууж, санал асуулга явуулчихаад дараа нь ард түмний саналын дагуу дагуу засч байна гэж араас нь өөрчлөлт оруулах нь буруу. Үндсэн хуулийн үзэл баримтлалд ч гэсэн ард нийтийн санал асуулга бол эцсийн шийдвэр байх ёстой. Үндсэн хуулийг эцэслэн батлахад ард нийтийн санал асуулгаар хийх нь жинхэнэ ард нийтийн төртэйгээ байгуулсан гэрээ гэдэг утга санаанд нь дүйж очно.

-Үндсэн хуулийг шинэчлэх цаг болсон байж болно. Гэхдээ үнэмлэхүй олонх өөртөө ашигтайгаар өөрчлөхгүй гэсэн баталгаа байгаа болов уу?

Үндсэн хуулийн хамгаалалтыг Үндсэн хууль дотроо хийсэн байдаг. Гэтэд бид ингэж чадаагүй. Энэ байдлыг 1999-2000 онд дордуулсан долоон өөрчлөлтийг хийсэн. Дараа нь жирийн хуулиар Үндсэн хуулиа хамгаалах бүтэлгүй оролдлого хийж байсан. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг Үндсэн хуулийн шүүхээс хянах механизм байхгүйгээс гадна УИХ ийм өөрчлөлт хийх эрхтэй байгаа нь Монгол Улсад эрх зүйн амгалан тайван байдлыг алдагдуулж байна. Тиймээс Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг иж бүрэн байдалтай хийх нь маш чухал. Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ эцэслэн баталдгийг больж, нийтийн санал асуулгаар эцэслэн баталдаг журамд шилжих нь зүйтэй. Нийгмийн оюун санааны чадавхийг ашиглан Үндсэн хуульдаа зоримог зөв өөрчлөлт оруулах байх гэж бодож байна. Ажлын хэсгийнхэн ч энэ олон эксперт, судлаач, эрдэмтэд, олон нийтийн санаа бодлыг сонсч байх шиг байна.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн томилгоонд улс төр орж байна гэх шүүмжлэл их байдаг. Үндсэн хуулийн манаач Үндсэн хуулийн Цэцийг Улсын дээд шүүхэд оруулах ёстой гэж та хэлж байсан?

Үндсэн хуульд хийх ёстой нэг том өөрчлөлт бол Үндсэн хуулийн Цэцийг шүүх рүү оруулах. Өөрөөр хэлбэл, Монгол улсын Дээд шүүх Үндсэн хуулийн шүүх байх тогтолцоонд шилжих ёстой гэж би боддог. Энэ нь улс төрийн томилгооноос зайлсхийх, эмх цэгцтэй болох, өндөр ёс суртахуунтай байх боломжтой бүрдэнэ гэсэн үг. Сүүлийн үед Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийг улс төрийн томилгоогоор томилсон хэд хэдэн тохиолдол гарсан. Энэ бүхнээс зайлсхийх арга нь Улсын дээд шүүх Үндсэн хуулийн Цэцийн үүрэг гүйцэтгэх тогтолцоонд шилжих ёстой. Энэ нь одоогийн байгаа Дээд шүүхийн бүрэлдэхүүнээр бус Үндсэн хуульд зохицуулалтаар оруулж өгөх ёстой.

ДЭЛХИЙН ОЛОН УЛС ОРНЫ СУДАЛГААНААС АВЧ ҮЗВЭЛ 18 ОРЧИМ ЖИЛИЙН ХУГАЦААНД ҮНДСЭН ХУУЛЬДАА ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛДАГ ЮМ БИЛЭЭ

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах том үүргийг МАН биелүүлж чадах болов уу. Одоо л хийхгүй бол найман жил хийхгүй гэсэн яриа байх юм?

-Ер нь бол өөрчлөлт хийх ёстой юу гэвэл ёстой. Гэхдээ тэр нам хийх ёстой, энэ нам хийж чадахгүй гэж яриад байх нь улсын эрх ашигт хортой. Улс төрийн талаасаа бол нэг нам олон суудалтай байгаа нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах том боломж. Гэхдээ хийх арга барил нь зөв аргаар хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл, эрх зүйн амгалан тайван байдлыг хангах ёстой. Үндсэн хуульд асуудал байгаа учраас өөрчлөлт хийе гэж ярьж байгаа. Дэлхийн олон улс орны судалгаанаас авч үзвэл 18 орчим жилийн хугацаанд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулдаг юм билээ. Асуудал байгаа учраас өөрчлөх тухай ярьж байна. Өөрчлөнө гэдэг нь маш өргөн хүрээнд яригдах зүйл. Үндсэн хуулийн өөрчлөлтийг улстөрийн өнцөгөөс харах нь хортой. Тулгараад байгаа асуудалд саад учруулах зорилгоор улстөржүүлэхэд би дургүй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг эрт ярих тусмаа улс оронд хэрэгтэй гэж бодож байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж