Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш үргэлжилэн буурч байна. Өнөөдрийн байдлаар "Найман шарга" зах дээр ам.долларын ханш 2460 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь хоёр өдрийн өмнөх ханшаас 22 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Тодруулбал, нэгдүгээр сарын 24-нд гэхэд “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2482 төгрөгөөр авч, 2484 төгрөгөөр зарж байсан бол тухайн өдөр арилжааны банкууд 2492 төгрөгөөр авч, 2495-2500 төгрөгөөр зарж байсан аж.
Өнгөрсөн оны долдугаар сараас хойш ам.долларын ханш зогсолтгүй өссөөр арваннэгдүгээр сард нэг ам.доллар 2720 төгрөгтэй тэнцсэн. Гэхдээ Засгийн газар, Монголбанк даруй арга хэмжээ авч ханшийг 2500 төгрөгт барьж чадсан юм. Ханш өссөнийг ашиглаж зах зээлд ам.долларын хиймэл хомсдол үүсгэж байна гэх таамаглалыг эдийн засагчид дэвшүүлж байсан. Тэгвэл Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах, Япон улсын зээл бүтэх сургаар валютын ханш буурч байгаа бололтой.
Т.НОМИН