Монголбанкинд 18.5 тонн алт тушаажээ

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

Монголбанкинд 18.5 тонн алт тушаажээ

Монгол Улс 2020 он гэхэд алтны жилийн олборлолтыг 25 тоннд хүргэх зорилготойгоор Засгийн газраас “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Алтны рояльти татварыг 2.5 хувь болгон бууруулснаар олборлолт сүүлийн гурван жил дараалан өсөлттэй гарчээ. Тухайлбал, 2014 онд Монголбанкинд жилдээ 12.7 тонн алтыг иргэн, аж ахуйн нэгжүүд тушаажээ. Энэ тоо 2015 онд 15.1 тонн буюу энэ нь сүүлийн 10 жилд тушаагдаагүй хэмжээ гэдгийг Монголбанкнаас мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн 2016 онд иргэн, аж ахуйн нэгжүүд 18.51 тонн алт тушаасан үзүүлэлтийг өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

Тэгвэл 2016 онд нүүрсний олборлолт, экспорт, нөөц ч нэмэгдсэн дүр зургийг энэ үеэр танилцуулав. Тухайлбал, Монгол Улс 2016 онд 35.8 сая тонн нүүрс олборложээ. Харин 25.8 сая тонн нүүрс экспортолсон байна. 2015 онд л гэхэд Монгол Улс 14.5 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ тоо 11.3 тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Тэгвэл нүүрсний нөөц 1.2 тэрбум тонноор нэмэгдсэн гэж мэдээллээ. Тухайлбал, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг долоон аж ахуйн нэгж 2016 онд 1.2 тэрбум тонн нүүрсний нөөцийг Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлжээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хүрэн нүүрсний 21 уурхай, чулуун нүүрсний 32 уурхай үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс төрийн өмчийн оролцоотой зургаан компани үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Газрын тосны хайгуул, олборлолтын талаарх мэдээллийг бичлэгээс үзнэ үү.

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ИМПОРТ ӨСЧЭЭ

Газрын тосны бүтээгдэхүүний импорт өссөн үзүүлэлттэй байна. Импортолж буй бүтээгдэхүүний дийлэнх буюу 48 хувь нь дизель түлш, 28 хувь нь автобензин, 17 хувь нь хий, тос тосолгооны материал, мазут зэрэг, таван хувь нь А-80 октантай автобензин, хоёр хувь нь онгоцны түлш эзэлж байна.

Ингээд 2014 онд 1.3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон бол 2015 онд 1.1 сая тонн, 2016 онд 1.2 сая тонн болжээ. Нийт хэрэглээний 94 хувийг ОХУ, хоёр хувийг БНХАУ, дөрвөн хувийг бусад улсаас импортолж байна.

2016 оны долдугаар сараас төгрөгийн ханш огцом суларсантай холбоотой шатахууны үнэ өссөн учраас автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг бууруулсан талаар мэдээллээ.

Нэгдүгээр сарын 24-ний байдлаар Монгол Улс ердийн хэрэглээний 48 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 44, дизелийн түлш 53, ТС-1 онгоцны түлш 44 хоногийн нөөцтэй байгаа гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.

ХАЙГУУЛЫН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ 1.6 САЯ ГА ТАЛБАЙГ ТОДОРХОЙЛЖЭЭ

Улсын хэмжээнд 3580 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Үүний 2022 нь хайгуулын, 1558 нь ашиглалтын зөвшөөрөл байна. Харин нийт нутгийн 8.9 хувьд ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл олгожээ.

Тэгвэл энэ оны нэгдүгээр сарын 25-ны Засгийн газрын хуралдаанаар хайгуулын зөвшөөрөл олгох боломжтой 1.6 сая га талбайн солбицлыг тодорхойлжээ. Гэхдээ энэ зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох юм. 2015 оноос хойш нийтдээ 37 удаа цахим хэлбэрээр сонгон шалгаруулалт явуулж хайгуулын 39 тусгай зөвшөөрлийг олгоод байгаа гэв.

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж