МАН-ын дарга М.Энхболд өчигдөр “Туушин” зочид буудалд болсон Америк-Монголын худалдааны танхимын уулзалтад оролцож үг хэлсэн юм.
Тэрээр хөрөнгө оруулагчдын сонирхсон асуултад хариулж, МАН-аас баримталж буй улстөрийн бодлого, Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилаа. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд буцаан авах талаарх мэдээллийг оролцогчид сонирхож байсан юм. УИХ-ын дарга М.Энхболд “Энэ асуудлыг судалж, дүгнэлт гарган УИХ-аар хэлэлцүүлэх үүргийг Засгийн газарт миний бие өгсөн. Засгийн газар нухацтай судалж, хуралдаанаараа хэлэлцээд УИХ-д ирүүлсэн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргасан талаараа өчигдөр мэдээлэл хийсэн. Худалдан авах үйл ажиллагааны явцад Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн байна. Тиймээс 49 хувийг төрд авах ёстой гэсэн байр сууриа ажлын хэсэг илэрхийлсэн. Асуудлыг УИХ эцэслэж шийднэ. 49 хувийг худалдан авсан талтай хэлэлцэж, төрд авах хувилбар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бусдын өмчийг “нийгэмчлэх” маягаар асуудалд хандаж огт болохгүй” гэсэн юм.
Хувийн хэвшлийнхэнтэй хэлэлцэж, өмчийг төрд авна гэх түүний энэ байр суурь хөрөнгө оруулагчдын дургүйцлийг хүргэсэн. Өөрийн компанидаа ингэж хандсан төр нь харийн бидэнд хатуурхах нь тодорхой гэх мэссэж танхим даяар түгэж, хөрөнгө оруулагчдын эргэлзээг төрүүлсэн аж.
Хэдийгээр М.Энхболд “УИХ, Засгийн газар нэгдмэл бодлоготой, төр засаг тогтвортой байна гэдэгт та бүхэн итгэж болно. Гүйцэтгэх засгийнхаа бодлого, шийдвэрийг хууль тогтоох байгууллага нь ямагт дэмжиж, шаардлагатай эрх зүйн орчинг нь саадгүй, шуурхай бүрдүүлэхэд анхаарах болно” гэж хэлсэн ч хөрөнгө оруулагчдыг ямагт “тонгорч унагадаг” туршлагаараа дэлхийд танигдсан манай улстөрчдөд төдийлэн итгэж чадахгүй байгаа нь илт байлаа. Зөвхөн гадныхан гэлтгүй дотооддоо хөрөнгө оруулсан хувийн хэвшлээ ч “самарч” чадах Монгол төрийн “ухааныг” тэд ойлгосонгүй бололтой. Ямартай ч хөрөнгө оруулагчид Засгийн газартай найрсагаар гар барьж, Монголын зах зээлд мөнгөний шинэ урсгал нэмэхээр ханцуй шамлан орохыг төдийлэн яаравчилсангүй.
МАН сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр болоод Засгийн газрын хөтөлбөрийнхөө эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэх шүүмжлэлийг судлаачид үргэлж хэлдэг. Эрх баригчид энэ мэт алдаатай бодлогоороо гадны хөрөнгө оруулагчдыг үргээж, эдийн засаг өсөхөд томоохон тээг болж байгаагаа хэзээ ойлгох вэ. Хямралыг даван туулах хөтөлбөр хүртэл боловсруулж УИХ-аар баалуулж байсан Засгийн газрын үйл ажиллагаа буруу тийшээгээ холдон одож буйг хэзээ залруулах вэ?
Ингэж улстөрийн шалтгаанаар эдийн засагт хохиорол учруулж, хувийн хэвшлийг, тэр тусмаа үндэсний томоохон хөрөнгө оруулагчдаа шахаж, хяхсан бодлого нь Монгол Улсын хөгжлийг арагш татна уу гэхээс урагшлуулахгүй. Үүнийг л хөрөнгө оруулагчид эрх баригчдад сануулахыг хүссэн биз ээ.
ЭХ СУРВАЛЖ: “ӨДРИЙН СОНИН”