Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны партизанууд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд О.Цоодол, Д.Батсайхан, Н.Төмөрбаатар нар оролцсон юм.
Тэд мэдээлэл хийхийн өмнө энэхүү хэвлэлийн хурлыг хэн нэгний захиалгаар хийгээгүй, сэтгэлийн дуудлагаар хийж буй гэлээ. Хэвлэлийнхэнд хандах болсон шалтгаан нь Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга байхдаа намаа байртай болгож чадаагүй хэмээн түүнийг буруутгасан юм.
Ардчилсан намын гишүүн О.Цоодол “Н.Алтанхуяг дарга байх хугацаанд намын байр барихгүй яасан юм бэ. Соёлын төв өргөөний урд байсан намын байрыг буулгаад, 2012 оны сонгуулиас өмнө шинэ байр барина гэсэн гэрээтэй байсан. Гэтэл үндэсний хэмжээний нам өнөөдрийг хүртэл “орох оронгүй” явж байгаад сэтгэл зовж байна. Тиймээс санал хураалтад оролцохоос өмнө Ардчилсан намын гишүүдийн нэрийн өмнөөс Ардчиллын өргөөг нэхэж байна. Намын байраа зараад олсон долоон тэрбум төгрөгийг идсэн гэх мэдээлэл нэлээд хэд хоногийн өмнөөс цахим ертөнцөд цацагдаж эхэлсэн. Бид энэ асуудлыг бүрэн төгс мэдэхгүй байна. Намын байраа зарсан долоон тэрбум төгрөгийн 2,4 тэрбум нь намд ирсэн бусад нь байхгүй болсон гэх мэдээллийг олж авсан. Тиймээс Ардчилсан намын дарга асан Н.Алтанхуягаас намын байраа нэхэж байна” гэлээ.
Т.НОМИН