Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн тохирлоор 100 сая төгрөгийн азтан болон супер азтанг дахин тодруулахгүй байх санал боловсруулжээ. Ингэснээр нэг иргэн 500 баримт бүртгүүлсэн бол дор хаяж нэг удаа азтан болох боломжтой аж. Энэ талаар Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн төслийн нэгжийн захирал Р.Отгонтулгаас тодруулахад “Одоогоор Сангийн яаманд хүсэлтээ хүргүүлсэн байгаа. Энэхүү журмыг Сангийн яамны зүгээс шийдвэрлэвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын журамдаа өөрчлөлт оруулна” гэлээ.
"Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагын ;элхийн 176 орныг авлигын үзүүлэлтээр ангилжээ. Монгол Улсын хувьд 2016 онд энэ жагсаалтын 87 дугаарт бичигдсэн байна. Уг нь өмнөх 2015 онд 72 дугаар байранд бичигдэж байсан юм. Тэгвэл нэг жилийн дараа 15 байраар ухарчээ.
Төрийн албанд, тэр дундаа хот доторх үйлчилгээнд100 км-т 16 литрээс дээш шатахуун зарцуулдаг автомашиныг ашиглахыг хориглосон. Энэ хугацаанд нийтдээ 141 түлш шатахуун их “иддэг” автомашиныг хураажээ. Хураасан машины 98 нь суудлын тэрэг юм байна. Харин үлдсэн хэсэг нь туулах чадвар өндөртэй буюу жийп машин гэж мэдээлжээ.
Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын өвчлөл тодорхой хэмжээгээр буурч, дүүргийн эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 24-ний байдлаар, амбулаторийн 83955 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6325 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар буурчээ.
Ардчилсан намын дарга З.Энхболд 2016 оны арванхоёрдугаар сарын 6-ний өдөр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газарт бүртгүүлсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүйд тооцох тушаалыг гаргажээ.
Эх сурвалжийн хэлснээр бол 15 мянга орчим гишүүн дээрх шалтгаанаар Ардчилсан намын даргын сонгуульд санал өгөх эрхгүй болж, хасагдаад байгаа юм байна.
Монгол даалин урлалыг ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэхээр зорьж буй тухайгаа албаны хүмүүс өчигдөр /2017.01.25/ мэдээллээ. Богд хааны хэрэглэж байсан даалинг дөрөв дахин томсгож, 225х88 см хэмжээтэй болгон томруулж урлах гэнэ. Энэхүү даалиндаа хамгийн олон хүний учиг шингээх бөгөөд хамгийн том даалин гэсэн төрлөөр Геннесийн номд бүртгүүлэхийг зорилгоо болгосон гэнэ.