”Формула-1”-ийн хөгшин босс

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

”Формула-1”-ийн хөгшин босс

“Формула-1”-ийг 1974 оноос хойш удирдаж яваад бизнесээ худалдан албан тушаалаасаа энэ мягмар гаригт огцорсон автын уралдааны дэлхийн босс, 86 настай Берни Экклстоуны амьдралыг танилцуулья.

Гэрлэлт

Экклстоун амьдралдаа гурван удаа гэрлэжээ. Анхны эхнэрийг нь Иви Бэмфорд гэдэг байжээ. Тэдний дундаас Дебора (1955 онд) охин нь төржээ.

Британийн магнатын хоёр дахь эхнэр нь Хорватын модель Славика байсан бөгөөд тэд 28 жилийн насны зөрүүтэй хосууд байлаа. Экклстоунтай 24 жил амьдарсны эцэст 2009 онд Славика түүнээс салах өргөдлөө өгсөн юм. ТэдТамара, Петра гэсэн охид төрүүлж, өсгөжээ. Салахдаа “Формула-1”-ийн босс Славикт 740 сая фунт төлсөн байдаг. Гэвч, 81 настай Берни гандан бууралгүй дахин гэрлэв.

Экклстоун 2012 онд 158 мянган ам. долларын үнэтэй очир эрдэнийн хуримын бөгжийг өөрөөсөө 50 насаар дүү бразили бүсгүйн хуруунд зүүж өглөө. Фабиана Флозитай тэр Бразилийн Гран-при тэмцээний үеэр танилцсан бөгөөд гурав дахь эхнэрээ болгожээ.

Эрх танхи охид

Анхны гэрлэлтээс төрсөн Дебора охиных нь тухай хэвлэлүүд бараг мэдээлдэггүй бол Петра, Тамара хоёрын тухай өдөр алгасалгүй мэдээлж байдаг. Тэд цуутай баяны эрх охид гэгддэг.

Тамара 2006 оноос телевизид ажиллаж эхэлжээ. Тэрбээр дүү Петрагийнхаа хамт продюссерийн компанийг үүсгэн байгуулжээ. Олон тооны хайрын адал явдал, сүй тавилт, гоо сайхны мэс засал, зугаа цэнгэл, тэрбум, тэрбумын хэрэглээ, хэтэрхий задгай зураг авалт гээд олон дуулиан эцгийг нь зовоож иржээ.

Петра эгчээсээ дутахгүй дуулиан таригч. Тэрбээр “Их Британийн хамгийн эвдэрсэн бүсгүй” цолтой хочтой. Петра дэлхийд хамгийн том Rolex, Hermes брэндийн хувцасны цуглуулгатай. Түүний сонирхол эрэгтэй хувцасны загвар зохион бүтээх. Энэ сонирхолдоо хөтлөгдөн эрэгтэй хувцасны загвар зохион бүтээгч болсон байдаг. Дэлхийн хамгийн үнэтэй тооцогдох нэгэн шилтгээнийг худалдан авснаасаа болоод Петра эцгийнхээ уурыг барсан гэдэг. Сүүлийн үед хөгшин Берни эрх охидоо хүмүүжүүлэхэд их анхаарах болсон аж.

Авлигын хэрэгт холбогдсон нь 

“Bayern LB” банкны ажилтан асан Герхард Грибковскийд 44 сая долларын авлига өгсөн хэргээр тэр 10 жилийн ял авах шахсан юм. Экклстоун мөнгө өгснөө хүлээн зөвшөөрч харин авлига өгөөгүй гэж зүтгэсээр байв. Татварын бүх нууцаа дэлгүүлэхгүйн тулд “Формула-1”-ийн босс Грабовскид мөнгө төлсөн гэв. Германы шүүх 100 сая долларын нөхвөр аваад хэргийг хүчингүй болгожээ.

Халдлагад өртөн дээрэмдүүлэв

“Ф-1”-ийн боссыг Лондон дахь гэрийнх нь үүдэнд зодож дээрэмдсэн хэрэг дуулиан тарилаа. Одоогийнхоо эхнэр дээрээ очиж явсан түүнийг зодож, 312 мянган ам.долларын үнэтэй гоёлын эдлэлийг нь дээрэмджээ. Берни тархи толгойгүй нүдүүлсэн ч эмнэлэгт хэвтсэнгүй.

Путинтэй нөхөрлөсөн нь

Берни нэг биш удаа Путинтай уулзсан байдаг. Британийн бизнесмен нэгэн ярилцлагадаа В.Путиныг Европыг удирдах ёстой хүн гэж хэлснийг дэлхийн хэвлэлүүд өлгөж аваад бичиж байв.

Бернийн оффист Путинтэй авахуулсан зураг нь хүндтэй байрлалд тавигджээ.

Хадам ээжийг нь хулгайлсан нь

Өнгөрсөн зун түүний хадам ээж Апаресида Шункийг Бразилид хулгайлан барьцаалаад түүнээс 36,5 сая ам.долларыг шаардсан дуулиан мандлаа. Өмнө нь Бразилид гарч байгаагүй их мөнгө нэхсэн хэрэг байлаа. Гэвч цагдаагийн ажилтнууд түүний хадам ээжийг чөлөөлсөн юм. Ийм хэрэг Бернид тохиолдсон нь анхных биш юм. Охин Тамараг нь хулгайлан барьцаалаад түүнээс 200 мянган фунт нэхжээ. Бас цагдаагийнхан гэмт хэрэгтнийг хурдан шуурхай баривчилсан байдаг.

…Үүгээр түүний дуулианууд дуусахгүй. Гэвч Экклстоуныг элдэв хэрэгт орооцолдож явдаг өвгөн гэж битгий бодоорой. Жинхэнэ Бернийг хэн бэ, ямар эрх хүн бэ гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй шүү дээ.

Мягмар гаригт тэрээр "Формула-1"-ийн хүндэт Ерөнхийлөгчөөсөө буусан юм. Тэрбээр ядуу айлд төрж, дэлхийн дайнд хүртэл явж байсан. Экклстоун өөрийн бизнесээ өөрөө босгосон юм. Тэр эхлээд мотоциклийн сэлбэг худалдаж байснаа дараа нь мотоцикль худалдах болов. Дараагийн бизнес нь автомашины худалдаа. Ингээд саятан болсон тэрбээр дараа нь дэлхийн тэрбумтан болжээ.

Бернийг хүүхэд байхад давжаа биетэй гэж найзууд нь шоолдог байжээ. Харин одоо түүнийг бүгд л биширнэ. Тэрбээр ялагч болж чадсан юм.

Экклстоун "Формула-1" уралдааныг дэлхий даяар сонирхон дурладаг супер шоу болгож чадсан хүн. Тэр явснаар түүний хамт бүхэл бүтэн үе явж байна.

Сонирхолтой нь одоо энэ бизнесийг Америкийн Liberty Media корпораци үргэлжлүүлэх бөгөөд “Ф-1”-ийг ямар хувь заяа хүлээж байгаа бол?

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж