Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 30 хувиар өсгөнө

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 30 хувиар өсгөнө

Уншигч танд долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ?” буланг манай агентлаг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн буланд Эрчим хүчний яамыг онцолж байна.

“Монгол Улс нарны эрчим хүчний диваажин” гэдгийг гадны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл өнөөдөр эрчим хүч үйлдвэрлэлийн дөнгөж 2-3 хувийг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эзэлж байна. Иймд 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 30 хувьд хүргэх зорилтыг Эрчим хүчний яам тавьжээ.

Монгол орон нар, салхи, усны эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ их нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, олон улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсээр байгаа аж. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэр барих өртөг 20-иод жилийн өмнөхтэй харьцуулахад эрс буурсан байна. Тухайлбал, нарны цахилгаан станц барих өртөг 60 хувь, нарны дулааны станц барих өртөг 45 хувь, эх газрын салхин цахилгаан станц барих өртөг 24 хувь, далайн эрэг хавийн салхин цахилгаан станц барих өртөг 36 хувиар тус бүр буурсан байна. Шинэ техник технологи, инновацийн ололтоос үүдэлтэй сэргээгдэх эрчим хүчний өртөг багасч байгааг дэлхий нийт төдийгүй манай улс ч олзуурхаж байна.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо нэгдүгээр сарын 14-19-ны хооронд болсон “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг”-ийн VII чуулганд Эрчим хүчний сайд П.Ганхүү оролцсон байна. Тэрбээр “Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үүсгэн байгуулагч анхны гишүүн орнуудыг нэг болж, уг байгууллагын дүрмийг УИХ-аас 2010 онд соёрхон баталсан. Монгол Улсын Засгийн газрын Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагаас “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээ” бодлогын баримт бичгийг боловсруулан гаргасан. Энэ нь манай орны сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг цаашид хурдасгах бодлогын чухал зөвлөмж болж байна. Манай орон нар, салхи, усны эрчим хүчний асар их нөөцтэй. Энэ их нөөц баялгийг орчин үеийн өндөр технологи ашиглан эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчим хүч экспорлох талаар БНХАУ, ОХУ-ын “Дэлхийн эрчим хүчний хэлхээ холбоо” санаачилга, олон улсын байгууллагын “Цэвэр эрчим хүчний коридор” төслүүдэд Монгол Улс нэгдэн орж, хамтран ажиллахад бэлэн байна” гэж байр сууриа илэрхийлжээ.

Монгол хүйтэн сэрүүн уур амьсгалтай. Халаалтын асуудлаа түүхий нүүрс ашиглаж шийдэж байна. Тиймээс хот суурин газрын дулаан хангамжид нар, газрын гүний дулааны насос бусад сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар Ирена, Абу Даби хөгжлийн сан болон бусад орнуудтай хамтран ажиллах хүсэлтийг тавиад байгаа аж.

Дашрамд дуулгахад: УИХ-аас 2015 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”, “Ногоон хөгжлийн бодлого” зэрэг баримт бичгийг батлан гаргасан. Үүний хүрээнд 2023 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавиад байгаа юм. Энэ зорилтын эхлэл гэж хэлж болох 10МВт нарны цахилгаан станц шинэ оны эхэнд ашиглалтад орсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж