Нэг тэрбум 300 сая гаруй хүн тэмдэглэдэг гэхээр Хятадын Цагаан сар маргаангүй дэлхий дээрх хамгийн нүсэр, хамгийн том арга хэмжээ. Цагаан сарын баярыг тэмдэглэдэг долоо хоногийн хугацаанд хятадууд хоол хүнс, бэлэг сэлт тэргүүтэнд 100 тэрбум ам.доллар зарцуулдаг гэх тоо баримт байна. Энэ нь америкчуудын Талархлын баярын зардлаас бараг хоёр дахин их гэнэ. Мөн Цагаан сарыг угтаж галт тэрэгний тасалбарын цахим захиалгын системд ердөө ганцхан секундэд нэг мянга гаруй захиалга хийгддэг байна. Сонирхуулахад, Хятадын хурдан галт тэрэгний сүлжээний нийт урт 20 мянган км. Энэ нь дэлхий дээрх хамгийн уртад тооцогдоно. Энгийн төмөр замын сүлжээний урт 121 мянган км, энэ үзүүлэлтээр АНУ-ын дараа хоёрт ордог ажээ.
Уламжлалт Цагаан сарын баяраар хятадууд төрөлх гэр рүүгээ, ижий аавдаа очиж золгодог. Энэ үеийг “chunyun” буюу “хаврын их нүүдэл” гэж нэрлэдэг аж. Энэ жилийн хувьд баярын амралтын үеэр давтагдсан тоогоор газраар 2,5 тэрбум, төмөр замаар 356 сая, агаарын замаар 58 сая, усан замаар 43 сая хүн зорчино гэх тооцооллыг Хятадын албаны хүмүүс гаргажээ.
Аяллын нийт уртыг хэмжвэл 1,2 тэрбум км. Энэ нь Дэлхийгээс нар хүртэлх зайг найман удаа туулсантай тэнцэнэ, эсвэл Дэлхийгээс Санчир гариг хүртэлх зайтай дүйх ажээ.
С.ЦЭЛМЭГ