“Уранхай” сэтгэлтэй Улаанбаатарчууд

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

“Уранхай” сэтгэлтэй Улаанбаатарчууд

-Мөнгөө дутуу хийх, урагдсан тасархай мөнгө шургуулах, 50, 100-тын дэвсгэртийн голд цаас хавчуулж зузаалах, төгрөгийг сканердаж, канондсан цаасаар автобусанд үйлчлүүлэх нь ихэсчээ-

“Монгол сервис” булангаараа бид иргэдэд хамгийн ойр байдаг үйлчилгээний доголдолтой, шүүмжлэлтэй талыг хөндөж, ололттойг сайшаан магтдаг. Энэ удаад үйлчилгээ нь олон улсын жишигт хүрсэн ч үйлчлүүлэгчдийн ухамсраас болж нэг алхам хойшлоход хүрээд буй нийтийн тээврийн үйлчилгээний талаар хөндөх гэж байна.

Улаанбаатарчууд ухаалаг автобусаар үйлчлүүлэх болсоор хоёр жил болох гэж байна. Тодруулбал, 2015 оны долдугаар сарын 29-ний өдөр нийтийн тээврийн автобуснууд кондукторын системийг халж анх удаа цахим картаар үйлчилж эхэлсэн билээ. Бэлэн мөнгөө кондукторт сарвайн тооцоогоо хийдэг үе өнгөрч, картаа төхөөрөмжинд уншуулдаг, магадгүй гадны кинон дээр л харж байсан дүр зураг Улаанбаатарын автобусанд хэрэгжиж эхэлснээрээ нийслэлчүүдийн хувьд хөгжлийн нэг дэвшил гэж хэлж болно.

Аливаа хотын хөгжлийн нэг үзүүлэлт нь нийтийн тээврийн соёл. Тиймээс ч улаанбаатарчуудын өнөөдөр ашиглаж буй энэ ухаалаг системийг дэлхийн өндөр хөгжилтэй бүхий л хот нийтийн тээвэртээ нэвтрүүлээд удаж буй юм.

Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд улаанбаатарчууд ухаалаг автобустай болсны зэрэгцээ, иргэдийн эрх ашигт нийцсэн үйлчилгээнүүдийг ч нэвтрүүлэв. Цахим карттай зорчигч автобусанд сэлгэн суухад мөнгө төлөхөө больсон нь олон хүнд эдийн засгийн болон цаг, хугацааны хэмнэлт авчирсан гэхэд хилсдэхгүй. Гэвч сайныг дагаж саар гэгчээр зарим ухамсар дорой иргэд урагдсан, дутуу, хуурамч мөнгөөр үйлчлүүлэх нь нэмэгджээ. Зорчигчдын арга өдөр ирэх тусам нарийсч буйг нийтийн тээврийнхэн хэлж байна. Мөнгөө дутуу хийх, урагдсан тасархай мөнгө шургуулах, 50, 100-тын дэвсгэртийн голд цаас хавчуулж зузаалах, төгрөгийг сканердаж, канондсан цаасаар автобусаар үйчлүүлэх болсноор бэлэн мөнгөний хайрцаг бус хандив тусламжийн хайрцаг болон хувирсан бололтой.

Зөвхөн 20 автобус шугаманд явуулдаг жижгэвтэр компанийн нэг өдрийн орлогын тооцоогоор жишээ авъя. Хайрцгаас гарч буй нийт мөнгөний 20-40 хувь нь хуурамч буюу уранхай тасархай мөнгө болжээ. Ихэвчлэн хуурамч 1000-тын дэвсгэрт гарах болсон гэв. Хуурамч 1000 төгрөг хайрцаг руу хийгээд өөр нэг хүнээс 500 төгрөг хариулж авдаг болжээ. Энэ нь эргээд хуурамч мөнгө гүйлгээнд оруулах, залилангийн хэрэг ч болж эхэлсэн байна. Тиймээс нийтийн тээврийнхэн энэ асуудлыг эрүүгийн цагдаагийн шалгаж байна.

Олон улсад хэрэгжүүлж болоод байгаа энэ үйлчилгээ Монголд харин нэг иймэрхүү арга болж хувирчээ. Иргэдийн энэ явуургүй, аргацаасан байдал нь нийтийн тээврийн салбарыг алдагдалд оруулж, эргээд улс орны төсөвт ч хүндрэл болж эхэлснийг албаныхан тайлбарлаж буй. Энэ бол цэвэр иргэдийн ухамсар, ёсзүйг харуулж буй хэрэг аж.

Түүгээр ч барахгүй автобусны зарим жолооч нар ч лацдаж ломбодсон хайрцгаас янз бүрийн аргаар өдөр, тутамдаа мөнгө “шомбодох” явдал багагүй гарах болсныг камерын бичлэг нотолжээ. Тасархай, уранхай мөнгөөр өнөөдрийн автобусны мөнгөө аргацааж буй ч нөгөө талаас бүхэл бүтэн улсын мөнгөн тэмдэгтийг үнэгүйдүүлэх том асуудал үүсч буйг ч анхааралдаа авах цаг болжээ.

Ийнхүү нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ урагш алхсан нь сайн ч иргэдийн ухамсар дорой байдал хойш нь чангааж буй эмгэнэлт дүр зургийг “Монгол сервис” булангаараа хөндөн хүргэлээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж