“Насны хишиг”-ийг ингэж олгоно

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

“Насны хишиг”-ийг ингэж олгоно

-Улсын хэмжээнд нийт 121905 ахмад настанд “Насны хишиг” хүртээх юм-

Засгийн газраас ахмад настнуудад Цагаан сарын баярын өмнө, Үндэсний их баяр наадмын өмнө буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор болсон билээ. Засгийн газрын өнөөдөр /2017.01.25/-ийн хуралдаанаар “Насны хишиг” олгох журам баталлаа. 2017 оны эцсийн судалгаагаар улсын хэмжээнд нийт 122 мянга гаруй ахмад настан байдагаас 121 мянга 905 ахмад насны хишиг авах юм байна.  Журамд насны шалгуур хангасан Монгол Улсын иргэн эсвэл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий этгээд Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулсан арилжааны банкаар дамжуулан насны хишгээ авах юм байна.

АХМАДУУД ЯМАР ЖУРМААР “НАСНЫ ХИШИГ” АВАХ ВЭ?

  • Ахмад настан эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ оршин суугаа сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргаж өгнө. Насны хишиг авах хүний иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагаа авч очно.

  • Ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа ахмад настны мэдээллийг хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хүргүүлж, насны хишиг нэрийн дансанд нь шилжүүлнэ. Мөн итгэмжлэгдсэн эдгээдээр дамжуулан авах бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ангийн дарга итгэмжлэл олгоно.

  • Гадаадад оршин суугаа иргэний насны хишгийг хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд олгоно.

  • Арилжааны банк нь ахмад настан бүрт Насны хишиг авах нэрийн данс үнэ төлбөргүй нээнэ. Мөн энэ мөнгийг олгохдоо ямар нэг шимтгэл авахгүй.

  • Насны хишиг авах ахмад настан хүсэлт гаргавал тухайн банкин дахь өөрийн данстай холбож болно. Энэ зохицуулалтыг тухай иргэн өөрөө хүссэн тохиолдолд зохицуулах боломжтой.

  • Арилжааны банк Насны хишгийн мөнгийг тухайн хүний авсан тэтгэврийн зээл, бусад зээл, зээлийн хүүнд суутгахыг хоригложээ.

НАСЫН ХИШИГ АВАХ НАСНЫ АНГИЛАЛ

  • 65-69 настай 43089 ахмад настан 50 мянга

  • 70-79 настай 57624 ахмад настан 80 мянга

  • 80-89 настай 18700 ахмад настан 150 мянга

  • 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настан 250 мянган төгрөгийн хишиг хүртэх юм.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж