АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп маргааш /орон нутгийн цагаар лхагва гариг/ “Үндэсний аюулгүй байдлын хувьд чухал өдөр” байх болно гэж мэдэгдлээ. Чухал гэдэгт тэр цагаачдын асуудал, мөн Мексикийн хилийн зурваст хэрэм босгох тухай асуудлыг онцолсон бололтой. “Маргааш үндэсний аюулгүй байдлын хувьд чухал өдөр байх болно. Бид хана босгоно. Өөр олон арга хэмжээ авах болно” гэж АНУ-ын шинэ төрийн тэргүүн твиттертээ бичжээ.
Мексикийн хилийн дагуу 3200 км урт үргэлжлэх хэрэм босгож, Мексикийн цагаачдаас эх орноо хамгаална хэмээн сонгуулийн кампанийнхаа үеэр ил тодоор хэлж байсан Трамп одоо үүнийгээ ажил хэрэг болгохоор шийдсэн бололтой. Мөн тэрбээр Сири, Йемен, Ирак зэрэг Ойрхи Дорнод болон Африкийн долоон орноос цагаачдыг эх орондоо хүлээн авахгүй байх хязгаарлалт тогтоож магадгүй гэгдэж байна.
С.ЦЭЛМЭГ