АНУ-ын Флорида мужийн Майами Гарденс хотод 14 настай охин амиа хорлосон хэрэг гарчээ. Амиа егүүтгэх үедээ тэр facebook хаягаараа live хийсэн нь олон хүний сэтгэлийг сэрдхийлгэжээ. Технологийн салбарын компаниуд видео бичлэг шууд дамжуулах чиглэлд их хэмжээний хөрөнгө оруулах болж, үүнийг дагаад балмад хэрцгий явдал, гэмт хэрэг, хүнлэг бус явдлыг цахим орчинд шууд түгээх явдал ихсэх хандлагатай болсныг “Wall Street Journal” мэдээлэв. Энэ нь нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх хор уршигтай гэдгийг ч мөн онцолсон байна.
Накиа Венант гэх 14 настай охин фостер /асран тэжээгч айл/ гэр бүлийн асрамжид байдаг байжээ. Тэрээр угаалгын өрөөндөө шүршүүрийн хаалганы хүрээнээс ороолт уяж, улмаар хүзүүгээ боомилон амиа хорложээ. Түүний live хийсэн бичлэгийг хэд хэдэн хүн үзсэн гэнэ. Хэдийгээр охин асран хамгаалагч гэр бүлийн асрамжинд байсан ч хэрэг гарах үеэр тэд унтаж байжээ. Live бичлэгийг үзсэн Накиагийн найз нэн даруй 911-т дуудлага өгсөн ч цагдаагийн ажилтнууд хаягийн дагуу очиход хэдийнэ оройтсон байсан гэнэ. Цагдаагийн офицерууд дотогш ороход охин шүршүүрийн хаалгын хүрээнээс дүүжлээстэй байсан бөгөөд түргэн тусламжийн эмч нар охиныг амь оруулахаар хичээсэн ч чадаагүй байна.
Найзууд нь Накиа Венантыг хөгжилтэй, найрсаг охин байсан, гэхдээ Гаитигаас гаралтай түүнийг сургууль дээр нь гарал үндсээр нь ялгаварладаг байсан гэж мэдүүлжээ.
Энэ харамсалтай хэргээс өмнө ч мөн ийм төрлийн хэрэг гарч байсан юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Седартауны жаахан охин амиа хорлохдоо facebook-ээр live бичлэг хийжээ. Мөн афро-америк гаралтай залуус Чикагод цагаан арьстан хүүг шоглож, дээрэлхэж буйгаа бичлэгээ шууд дамжуулсан нь ихэд шүүмжлэл дагуулсан. Тэдний эсрэг хэрэг үүсгэж, шалгаж эхлээд байгаа юм.
Өнгөрсөн 2016 онд АНУ-ын хэмжээнд галт зэвсэг хэрэглэсэн, хулгай, зодоон зэрэг нийт гэмт үйлдлийг шууд дамжуулсан наанадаж 57 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ асуудалтай холбогдуулан Майамийн хууль зүйн сургуулийн профессор Мэри Энн Фрэнкс “Видео бичлэг шууд дамжуулах технологийн үндсэн үүрэг нь юу вэ гэдгээр олон нийтийн санаа бодлыг сонсох хэрэгтэй. Facebook Live зэрэг технологийн бүтээгдэхүүн хүмүүсийг иймэрхүү үйлдэл хийхэд хүргэж байгаа эсэхийг судлах шаардлагатай” гэсэн байна.
С.ЦЭЛМЭГ