Үерийн аюултай бүсээс 100 айлыг нүүлгэх шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Үерийн аюултай бүсээс 100 айлыг нүүлгэх шаардлагатай гэв

Энэ жил бороо хур арвин байгаа. Ирэх сарын 1-н хүртэл дуу цахилгаантай бороо орно гэдгийг Ус цаг уур, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдэгдээд байгаа. Тиймээс Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачилж үерийн аюултай бүсэд суурьшиж байгаа айл өрхүүдийг нүүлгэж эхэлсэн. Энэ ажил хэр ахицтай яваа талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга Ч.Намсрайжаваас тодрууллаа.

-Одоогоор хэдэн айл нүүлгээд байгаа бэ?

-Үерийн аманд буусан 2889 айл байгаа. Үүнд Баянгол дүүрэгт 122, Баянзүрх дүүрэгт 803, Хан-Уулд 328, Сүхбаатарт 434, Чингэлтэйд 462, Сонгинохайрханд 669 айл усанд автаж мэдэхээр байгаа. Үүнээс эхний ээлжинд 100 айлыг нүүлгэх зайлшгүй шаардлагатай байгаа. Эдгээр 100 айл нь үерийн хамгийн аюултай бүсэд байгаа юм. Одоогоор Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 20 гаруй айлыг нүүлгэсэн. Айлуудыг үргэлжлүүлэн нүүлгэж байна. Зарим айлууд нүүхгүй гээд олон удаа шаардлага хүргүүлсэн ч биелүүлэхгүй байгаа. Шаардлага биелүүлэхгүй айлуудыг албадан нүүлгэх шийдвэр гарсан байгаа. Албадан нүүлгэхээс илүү иргэд өөрсдийн санаачлагаар нүүвэл хэн хэнд ч хэрэгтэй. Иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлөөр хангасан байх ёстой шүү дээ. Иргэд улсаас мөнгийг нь гаргаад нүүлгэж байгаа энэ ажилд идэвхитэй оролцох хэрэгтэй байна.

-Нүүхийг хүссэн айлууд хаана хандах уу?

– Үерт автаж болзошгүй, үерийн аман дээр буусан айл өрхүүдэд шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Нүүхийг хүсэлтэй айлууд харьяа дүүргийнхээ Засаг даргад өргөдөл гарган, нүүх зардлаа авч болно. Газрын зөвшөөрөлгүй айлууд санаачлагаараа өөрсдөө нүүж байгаа.  Тү­рүүлж нүүсэн айлууд буудал, сургууль гээд дэд бү­тэцтэйгээ ойрхон газарт бууж байгаа.  Үерийн амнаас нүүж байгаа айлуудыг Хан-Уул дүүргийн 13 хороонд байрлах шинэ суурьшлын бүс рүү нүүлгэхээр төлөвлөөд байгаа.

-Газрын зөвшөөрөлгүй иргэд нүүж байна гэлээ. Газрын зөвшөөрөлтэй хэдэн айл байна вэ?

-Нийт үерийн аюултай бүсэд буусан айлуудын 50 хувь нь газрын зөвшөөрөлтэй айл байгаа юм. Зөвшөөрөлтэй айлууд газраасаа нүүхгүй гээд байгаа. Анхнаасаа зөвшөөрлөө өгчихөөд одоо нүү гэхээр иргэд дургүй байна. Зөвшөөрөлгүй иргэд шууд нүүж, шинэ газраа бууж байгаа. Зарим иргэд үерийн аюултай бүс биш, биднийг нүүлгээд газрыг өөр юм барих гэж байна гэсэн юм яриад байсан. Эсвэл энэ газраа үнэлнэ гээд суучихдаг. Тйим ч зүйл байхгүй. Онцгой байдлын газар иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Энэ үүргээ л биелүүлж байгаа.  Айлууд урд жилүүдэд нүүлгэдэггүй ингэсгээд өнгөрдөг гээд хайнга хандаад байна. Энэ сарын сүүлээс дуу цахилгаантай бороо их орно гэсэн. Үерийн аман дээр байж байгаад үерт автах аюултайг иргэдэд сайн ойлгуулах хэрэгтэй.

-Зөвшөөрөл өгсөн айлуудын талаар Нийс­лэлийн газрын албатай хамтарч ажиллаж бай­гаа гэсэн?

-Айлууд нүүхгүй байгаа гол шалтгаан нь газрын зөвшөөрөлтэй байгаа юм. Энэ л асуудал болоод байна.  Үүнийг нийслэлээс анхааралдаа авч эхний удаад үерийн аман дээр байгаа айлуудыг үнэ төлбөргүй нүүлгэх шийдвэр гаргасан.

-Нэг айлыг нүүлгэхэд хичнээн төгрөгний зардал гарч байгаа вэ?

-Хэдэн төгрөгний төсөв гарч байгааг бид мэдэхгүй. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төлөвлөлтийн хэлтэс хариуцаж хийж байгаа. Тиймээс сайн мэдэхгүй. Онцгой байдлын газраас нүүлгэх, иргэдэд шаардлага хүргүүлэх ажилыг хийж байгаа.  Айл бүр өөр өөр зардалтай гарах байх.


Ш.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж