Монголч эрдэмтэд чуулна

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Монголч эрдэмтэд чуулна

Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Олон Улсын Монголч эрдэмтний X их хурал ирэх сарын 9-13-нд Улаанбатарт болно.

Энэ удаагийн хурлыг Монголын тулгар төр байгуулагдсаны 2220, их Монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн түүхэн ойг тохиолдуулан нийслэлд зохион байгуулж буй. Таван жил тутам хуралддаг энэхүү  хуралд нийт Монголын 100 гаруй эрдэмтдээс гадна 30 гарй орны 500 гаруй монголч эрдэмтдэд урилга явуулсан бөгөөд одоогоор 200 гаруй эрдэмтэн оролцохоо мэдэгджээ.

Хуралд дэлхийн олон орны монголч эрдэмтэд оролцох бөгөөд хойд хөршөөс хамгийн олон эрдэмтэн оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Москва, Санкт-Петербург, Иркутск, Владивосток, Элиста, Улаан-Үд зэрэг хотууд дахь Оросын Монгол судлалын төвүүдээс нэртэй монголч эрдэмтэд олноор ирэх юм байна.  Одоогоор БНХАУ-аас 40 гаруй, Япон улсаас 24, Солонгос улсаас 20 эрдэмтэн оролцох гэнэ. Гэхдээ хурлын үеэр энэ тоо нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид хэлж байсан.  Уг хурлыг  “Олон улсын монгол судлалын” холбоо болон Шинжлэх ухаан академийн хүрээлэн хамтран зохион байгуулах аж. Уг хурлын нээлийн ёслол Төрийн ордонд ирэх сарын 9-н эхлэнэ. Түүхийн өмнөх үе болон түүхэн үеийн Монгол ба гадаад ертөнц,  Монгол хэл, соёлын тулгамдсан асуудлууд, Монголын эдийн засаг, улс төр, Монголын гадаад  харилцаа, дипломат ёс, Монголын тусгаар тогтнол, хувьсал гэсэн таван чиглэлээр хуралдана. 

Монголч эрдэмтдийн хурал тодорхой сэдвийн дор зохиогддог бөгөөд энэ удаагийн хурал “Монголын гадаад харилцаа ба түүхэн дурсгал” гэсэн ерөнхий сэдэвтэй. Түүнчлэн Монгол улсын гадаад бодлогын асуудал хийгээд Монголд ардчиллын үйл явц, зах зээлийн шинэчлэлүүд хэрхэн хийгдэж байгаа нь их хурлын төлөөлөлөгчдийн хэлэлцэх асуудалд багтжээ. Их хурлаас өмнө Монгол улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэд Оросын монголч эрдэмтэдтэй хамтран бүтээсэн “Орос Монгол стратегийн түншлэлийн замд” эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгдэн гарч, нийтийн хүртээл болох гэж байна. Энэхүү номд хоёр орны 16 эрдэмтдийн бүтээл орсон байна. Мөн “Оросын монгол судлал” хэмээх уламжлалт товхимол гарах юм байна.

Монголч эрдэмтдийн их хурал зохиогдож байсан түүхийг сөхвөл. Улаанбаатар хотноо 1959 онд хуралдсан Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал нь зөвхөн монгол хэл бичгийн судлал төдийгүй, Монголын судлалын хамгийн анхны олон улсын эрдэм шинжилгээний их хурал байсан билээ. Тэрхүү анхдугаар их хурал нь цар хүрээгээ улам тэлж “Олон улсын монголч эрдэмтдийн их хурал” болсноор есөн удаа чуулж, оролцогч орон, илтгэгч эрдэмтдийн тоо тасралтгүй өсөн нэмэгдсээр ирсэн байна. Монгол судлалын чиглэлээр дэлхийн олон оронд болдог хурал цуглаануудын дотор Олон улсын монголч эрдэмтдийн их хурал өндөр нэр хүндтэй байдаг учир гадаадын олон орны монголч эрдэмтэд Улаанбаатарын их хуралд зориулан шинэ санал онол дэвшүүлсэн сонирхолтой сайхан илтгэлүүдээ тавагддаг болжээ. Одоогоос хагас зууны тэртээ чуулсан Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал нь улс төр, үзэл суртал төдийгүй, шинжлэх ухааны сэтгэлгээний хувьд ч харилцан бие биеэ үгүйсгэж байсан хоёр системийн хурц сөргөлдөөний үед нийгмийн өөр өөр байгуулалттай улс орны эрдэмтэд анх удаагаа хуран цуглаж, монгол судлалын тулгамдсан чухал асуудлуудаар санал бодлоо солилцсон нь онцлон тэмдэглүүштэй чухал үйл явдал байв. Царцмал үзэл суртлын хүлээснээс мултарч, жирийн иргэд, эрдэмтэн сэхээтэн хэн боловч үзэл бодол, санаа оноогоо бүрэн чөлөөтэй илэрхийлэх болсон ардчилсан нийгмийн өнөөгийн өндөрлөгөөс 50 жилийн өмнө болсон тэрхүү үйл явдлыг эргэн харахад тэр үеийн эрдэмтэн судлаачид монгол судлалыг олон улсын төвшинд хүртэл хөгжүүлэхийн төлөө ямар их эр зориг, оюун ухааныг хөвчлөн гаргаж байсныг ойлгож болно гэж “Олон улсын Монголч эрдэмтдийн холбоо”-ны захирал С.Бира хуучилж байсан. Монгол Улсыг судалдаг эрдэмтэд анх удааг чуулсан нь  шинжлэх ухаан болон нийгэмд маш том ач холбогдол авчирсан гэж үздэг ажээ. Түүнээс хойш 1987 онд дахин хуралдаж энэ үеэс “Олон улсын Монголч эрдэмний” хурлыг таван жил тутам зохиодог болжээ.  Мөн энэ хурлаар “Олон улсын Монголч эрдэмтдийн холбоо” байгуулагдсан түүхтэй.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж