(ФОТО ТЭМДЭГЛЭЛ)
Чоно, янгирын тэх, мөн ёл, тас шувуудын зураг авах эрэлд хөтлөгдөж гурван есийн жавар шүлбүүрдсэн өглөөгүүр Өмнөговийн Баянцагааны энгэрт бэдэрч явахуйд үхэр огдой, үнэг хоёрын явдалд татагдаж дуран авайгаа сунгаж дүрс буулгах ховорхон азтай мөч тохиолдов.
Өвөл цагийн сор нь гүйцсэн үнэг үнэн үзэсгэлэнтэй аж. Өнгө зүс, гоо бие, нүд, чих, хамар хоншоор хийгээд сахал самбаа, торгон гүйдэл нь эс шүтэхийн аргагүй гоёмсог. “Амьд үнэг нэг сайхан, авсан авгай бүр ч сайхан…” гэвэл таармаар.
Үнэг миний дуранд алсаас олзлогдсон юм. Тэр бэсрэг арцны ард нугдайн хярсан нь цайвар шаргал хад мэт харагдсан болой. Эргэн тойрныг нь нэгжин дурандах зуураа тийнхүү хярж байгаагийн учир начрыг оллоо.
Нөгөөдөх чинь чандаган цагаан цасан дунд цомцойж суусан үхэр огдойг харуулдан сахьсан нь тэрсанж. Өглөөний цайны дуршил нь оволзож, өлөн ходоод нь нужигнаж байсан буйзаа.
Нүхэн дэхь хөеөнөөсөө өглөө эрт зооглосон огдой наранд гарахдаа өрөөлийн нүдэнд өртөж, идэш нь болно гэж зүүдлээ ч үгүй биз ээ. Тэрхүү олз олж харсан үнэгний шүлс асгарч, ув улаан хэлээрээ хав хар хоншоороо долоосоор гэтэж эхлэв. Би ч аппарат юугаа чирж, салхи савир тааруулж, жалга даган, дов сондуулд наалдсаар огдой руу бас дөхлөө.
Үнэг сэм сэм гэтсээр, огдой ч байраа сэлгэсэн ч сэжиг үгүй цомцойсоор л байв. Огдой нарны өөдөөс харж мэлэрсэн хэвээр, нөмөрч буй аюулыг эс мэдэрнэ. Үнэг ч чингэж гэтэх урлагаа төгс эзэмшжээ. Бурхан огдойд гэнэн ааль, үнэгэнд зальт арга заяажээ.
Үнэг сүүлээ нэгэнтээ шарваж ганцхан хоромд суга үсэрч цочирсон огдой дээр буухуй цас бужигнаж миний аппаратны дуран ч бүгээрэв. Би ч бас мэгдэж, дахин шагайвал амандаа огдой зуусан зальт шар жаргалтай хатирсаар алсарч буй харагдав. Аяны ганзага мялаасан ховор агшин тийнхүү өндөрлөв.
Үхэр огдой долоо насалдаг байхад үнэг гурав, дөрөвхөн наслаад л хорвоог орхидог гэлцэнэ. Том биетэй, төрөлхийн зальтай нь богино насалдаг аж. Сонин юм. Аль аль нь даарах, хөрөхийг эс тооно.
Гунан бухын эвэр хуга хөлддөг идэр есийн жаварт хөр цасан дээр наранд ээхдээ гэнэдсэн огдойг өрөвдөх боловч хахир өвлийг өлчирхөн давдаг түүний ган төмөр хатуужлыг гайхаж эс барав. Харин үзэсгэлэнт шар үнэг үгүй бол Баянцагааны сэрүүн өвөр нэгээр дутаж, дун цагаан өвөл нь уйтгартай болох бизээ.
Хүмүүний толгойг гоёхын оронд говийг минь амьдаараа чимэх нь юутай төгс.
Эх байгаль, жигүүртэн шувууд, ан амьтан хийгээд мэрэгчдийн аж амьдралын зохирол бол амьдын гайхамшиг. Ийм зохиролыг хүмүүн бид эс тоох нь эдүгээ улам ихсэж байгаад зүрх минь үргэлж зовнино.
…Гэнэт чихний үзүүр час хийж, аппаратны товчлуур дахь заавар хуруу минь хачин чимчигнэхийг мэдрэв. Гэхдээ огдой, үнэг хоёрын явдалд шимтэн сатаарч, ертөнцийн бүх явдлыг хэсэг зуур умартаж, алжаалаа түр тайлсандаа олзуурхаад аяны богцоо үүрч босч билээ.
Зальт шар, гэнэн хонгор хоёрын содон явдлыг буулгасан цөөхөн хөрөгөөс уншигч эрхэм таньд толилуулах гэж зорьсон минь энэ болой.
ГАЛСАНГИЙН БАТСҮХ
(“Эс хайрлахын аргагүй ертөнц” цувралаас)