Сорост хөрөнгө оруулагчид тооцоогоо бодуулна

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Сорост хөрөнгө оруулагчид тооцоогоо бодуулна

Жорж Сорос өөрийн Soros Fund Management  сан­гаа “гэр бүлийн бизнес” бол­гохоор шийдсэн байна. Уг сан нь 25 тэрбум гаруй ам.дол­ларыг эр­гэл­дүүдэг юм. Энэ нь сан­хүү­гийн зах зээлийн хяналтыг чан­гатгасан Додд-Франкийн гэх шинэ хуулиар амьдрах бол­сон­той холбоотой. Хөрөнгө оруу­лагчдын мөнгийг  Карл Ай­кан, Стенли Дракенмиллер, Крис Шумвей ба Тим Баракетт мэтийн аваргууд удирдахаа больж байна. Энэ хандлага га­зар авна гэдэгт шинжээчид итгэлтэй байна.

Тэрбумтан Жорж Сорос дахиад бусдын мөнгийг захиран зарцуулахгүй. Удирдлагынхаа дор 25 тэрбумыг эргэлдүүлж байгаа Soros Fund Management LLC хөрөнгө оруулалтын сан хөрөнгөө оруулсан хүмүүст нэг тэрбум орчим ам.долларыг нь буцаан тооцоо бодоод Жорж Сорос өөрөө гэр бүлийнхээ бизнесийг удирдахаар болж байна. Энэ тухай түүний хөвгүүд Жонатан ба Роберт нарт тусгай захидал бичин мэдэгдсэн тухай Bloomberg дамжуулав. Сорос өөрөө сангаа гэр бүлийн бизнес болгож байгаа нь Додд-Франкийн гэх шинэ хуулиас хамааралтайг ойлгуулж байна.

Шинэ хуулиар бүх хеж сангууд 2012 оны гуравдугаар сар гэхэд АНУ-ын Үнэт цаас ба биржийн комисст (SEC) бүртгүүлж, өмнө нууцлагдаж бай­сан хөрөнгө оруулагчид, хө­рөнгө оруулалтынхаа талаар дэлгэрэнгүй тайлагнахад  хүр­гэж байна. Харин сан нь гэр бүлийнх буюу гадны хөрөнгө оруулагчдын оролцоогүй бол энэ талаар тайлагнах албагүй.

Сорос 1992 онд фунт стер­лин­гийн немц марктай харь­цуулах ханш унаснаас нэг тэр­бум ам.доллар босгосноороо алдаршсан юм. Сорос 1930 онд Унгарт төржээ. Тэрээр 1969 онд  Soros Fund Management LLC сангаа байгуулсан юм. Сорос 1979 оноос хойш буяны үйлст идэвхтэй ажилласан юм. Өөрийнх нь хэлснээр тэрээр сүүлийн 30 жилд найман тэрбум долларын хандив өгчээ. Өдгөө Соросын байгуулж удирдсан 70 гаруй буяны байгууллага дэл­хийн хэмжээнд ажиллаж байгаа.

Додд-Франкийн гэх ши­нэ хууль бусад хөрөнгө оруулагч­дын хөрөнгийг захирахад нь Соросоос бусад хүмүүст ч саад болж байгаа. Энэ жилийн гуравдугаар сард сангаа хааснаа Уолл-Стритэд орж ирсэн 50 жилийнхээ ойг тэмдэглэсэн Карл Айкон мэдэгдсэн. Санд хөрөнгө оруулагчид сангийн нийт долоон тэрбумаас 1,8 тэрбум ам.доллараа эргүүлэн авсан гэх таамаглал байгаа. Бусдын хөрөнгө оруулалтын ийм бага хувийг Айкен тайлбар­лахдаа хямралын үеэр хөрөнгө оруулагчид нь мөнгөө эргүүлэн авахад саад хийгээгүй гэсэн юм. Үр дүнд нь сан дахь бус­дын мөнгөний хувь 65-25 хүр­тэл унасан байна. “Та нар на­дад итгэхгүй байж болно. Гэхдээ манай үйлчлүүлэгчдийн хохирол миний мөнгөнөөс илүү­тэйгээр 2008 онд санааг минь зовоож байсан. Сүүлийн хоёр жилийн зах зээлийн эр­чим­тэй өсөлт, эдийн засгийн цаашдын тогтвортой байдлын төлөөх байнгын санаа зоволт, Ойрхи Дорнодын улс төрийн тогтворгүй байдал зэргээс үү­дэн би үйлчлүүлэгчдийнхээ өм­­­­­нө дахин нэг биржийн хям­ралын хариуцлагатан болж ча­дах­­гүйгээ мэдэгдэж байна” хэ­мээн Айкан хагацлын захи­далдаа өгүүлсэн байв. Өмнө нь бусдын хөрөнгө захирахаас Duquesne Capital-ийн Стенли Дракенмиллер, Shumway Capi­tal Partners сангийн Крис Шум­вей ба Atticus Capital-ийн Тим Баракетт нар мөн татгалзсан юм.

“Додд-Франкийн засвар гэх шинэ хууль нь ирэх жилээс эхлэн хеж сангуудын үйл ажиллагааг хүндрүүлж байна. Хяналтыг чангаруулж байгаа нь эдийн засгийн хэврэг сэргэлтийн долгион дээр уян хатан хөдлөх боломжгүй болгож байгаа юм. Үр дүнд нь хөрөнгө оруулагчид л цөөрөх болно” гэж Америкийн шинэ арга хэмжээний талаар  Forex club Оросын компанийн шинжээч Андрей Диргин хэлэв. “Сорос тухайн цагтаа АНУ-ын нөлөө болон эдийн засгийн өсөлтийн долгион дээр гарч ирсэн юм. Нэр нүүрээ бүтээж, үйл явдлын чиглэлээ уян гаргаж байсан нь жилдээ 30 хувиас дээш орлоготой хөрөнгө оруулалтын вант улсыг бий болгосон билээ. Харин одоо тэр давалгаан өнгөрч байна. Айкен, Сорос нар тэдний байдлыг ойлгох, урьдчилан харах чадварыг үзүүлж байна” гэж өөр нэгэн шинжээч хэлэв. Тэд бүгд л Сорос зах зээлээс гарлаа гээд санхүүгийн зах зээлд ноцтой үйлчилгээг үзүүлэхгүй гэж хэлцгээж байна. Сан бүх 25 тэрбумаа бүрэн худалдлаа ч гэсэн зах зээлийн нөлөө нь байхгүй. Америкийн зах зээл залгих чадвар сайтай. Тийм хэмжээ түүнд юу ч биш.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж