УИХ-ын дэд дарга Н.Энхболд Польшийн Сенатын Маршалтай уулзжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга Н.Энхболд Польшийн Сенатын Маршалтай уулзжээ

Онгоцны ослоор амь үрэгдсэн БНПУ-ын Ерөнхийлөгч Л.Качиньски, Тэргүүн Хатагтай М.Качиньска нарыг оршуулах ёслолд оролцсон УИХ-ын Дэд дарга Н.Энхболд БНПУ-ын Сенатын Маршал Б.Борусевичтэй энэ сарын 19-нд уулзаж ярилцав.
    Тэрээр эмгэнэлт ослын үеэр Польшийн Ерөнхийлөгч, түүний гэргий,  төр, засгийн олон зүтгэлтэн, иргэд амь үрэгдсэний дотор Польшийн Сейм, Сенатын Дэд Маршалууд, олон гишүүд байсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нараас эмгэнэлийн цахилгаан илгээснийг болон Монголын ард түмэн, олон нийтийн байгууллага, хувь хүмүүсээс Польшийн төр, Засгийн газар, ард түмэн, талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлж байгааг Сенатын Маршалд уламжлав.
Польшийн ард түмэнд тохиолдсон хүнд хэцүү цаг мөчид өндөр хэмжээний төлөөлөгч ирүүлж, уй гашууг нь хуваалцсанд нь Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байгааг уламжлахыг Сенатын Маршал Б.Борусевич уулзалтынхаа эхэнд онцлон хэлэв. Тэрээр Монголын ард түмэн ардчилал, эрх чөлөөг бэхжүүлэн хөгжүүлэх үйлстээ амжилт олж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялыг түдгэлзүүлсэн, Монголын эдийн засаг тогтвортой өсч, гадаадын олон улс орнууд уул уурхай болон бусад салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа зэргийг сонсож мэдээд бид баяртай байдгаа тэмдэглэв. Түүнчилэн Польшийн тал Монгол Улстай олон жил найрсаг харилцаатай явж ирсэн, харилцан ашигтай төрөл бүрийн салбарт, түүний дотор уул уурхайн салбарт харилцаагаа бэхжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байгааг тэрээр онцложээ.
Түүнчилэн УИХ-ын Дэд дарга Н.Энхболдтой Польшийн ГХ-ийн сайд Р.Сикорски, ГХЯ-ны АНД-н газрын захирал К.Шумски нар уулзах үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудал, Монгол-Польшийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон, ярилцсаныг Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэллээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж