“Удган нуурын уснаа
Үүрийн цолмонг тольдлоо
Үүлэн нулимстай хөх тэнгэр нь
Үнэгчлэн сэрлээ” хэмээн “Содура” уран сайхны киноны дуу эгшиглэнэ. Тун удалгүй тайгын охин Содура хүнхэр тайгын хүндэт идээгээ танилцуулж, угтав. Ийнхүү Модерн Номадс рестораны хамт олон 2017 оны кино аянаа эхлүүлсэн нь энэ ажээ.
Уг кино аяны хүрээнд Модерн Номадс рестораны зургаа дахь салбар /И-март дэлгүүрийн хойд талд байрлах/- т “Содура” уран сайхны киноны орчинг бүрдүүлж тохижуулсан нь үйлчлүүлэгчдийн сонирхлыг ихэд татаж байв. Мөн тухайн кинонд орсон мэт сэтгэгдлийг мэдэрч, Содура охины содон зоогийг амтлах боломжийг бүрдүүлсэн нь нэн сонирхолтой санагдана.
Тус рестораны зоогийн ширээн дээр урц хэлбэртэй хоолны цэс байршуулсан байх аж. Хоолны цэсэнд мэхээртэй шөл, Хадан хүү, борцтой шөл, цаатны урц, хүнхэр тайга зэрэг тэр бүр амтлаад байдаггүй тайгын амтат зоогийг сонирхуулжээ. Тэр дундаа хонины хавиргыг сонгино, сармисаар шанзалж амталж, гуриланд ороож жигнэсэн битүү хоолыг аарцтай ясны шөлтэй бэлтгэсэн тайгын ард түмний хүндэт идээгээр үйлчилж, үйлчлүүлэгчдэдээ содон амтыг мэдрүүлсэн нь тун өвөрмөц.
Мөн тус ресторанд цаатан ард түмний амьдардаг хоёр ч урцыг байрлуулсан бөгөөд “Содура” уран сайхны киноны зураг авалтын хэсгээс дэлгэн харуулсан нь “Содура” киноны ертөнцөөр аялуулж, тав тухтай, содон орчинг бүрдүүлжээ.
Сонирхуулж хэлэхэд эдгээр тайгын ард түмний амьдардаг урц, хувцас, хэрэгсэл зэргийг “Содура” уран сайхны киноны зураг авалтад ашиглаж байжээ. Тус сүлжээ ресторан энэхүү кино аяныг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд нийт 16 сүлжээ ресторандаа хэрэгжүүлж байгаа аж.
Кино аяны хүрээнд алтан үеийн монгол кинонуудыг дурсах боломжтойн дээр Алисагийн гайхамшигт орноос, Пороро, Оддын дайн, Үхлийн салааны баатруудтай, Хар сувд хөлгөөр Кавказаар аялж, Номадсын гал тогоонд Жангумын хийсэн хоолны нууц жорыг амтлах боломжийг бүрдүүлжээ. Уг кино аяны туршид Модерн Номадс сүлжээ рестораны бүх хоол 20 хувь хямдарч, ирэх хоёрдугаар сарын 18-ныг хүртэл үргэлжлүүлэх нь ээ.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ