Пак Гын Хэ дуулианаас хойш анх удаа ярилцлага өглөө

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэ дуулианаас хойш анх удаа ярилцлага өглөө

ПАК ГЫН ХЭ: ЭНЭ БҮХЭН ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨСӨН ХУДАЛ ХУУРМАГ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэ Лхагва гаригт (2017.01.25) 2013 оноос хойш анх удаа хэвлэлд ярилцлага өгчээ. Пак Гын Хэ өнгөрсөн арванхоёрдугаар сард парламентад болсон ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх санал хураалтаас хойш албан тушаалаасаа түр түдгэлзсэн байдалтай байгаа юм. Тэрбээр 40 гаруй жил нөхөрлөсөн дотны найз Чой Сун Шилээс болж авлигын дуулианд нэр холбогдон, ард түмнийхээ дэмжлэгийг алдаад байна.

Тэрбээр консерватив үзэлтэй гэгддэг сэтгүүлч Жон Гю Жэг сонгон ярилцсан нь өөрийгөө хамгаалах тактикийн нэг хэмээн шүүмжилж байна.

Пак Гын Хэ бүтэн цагийн турш үргэлжилсэн ярилцлагадаа олон нийт яагаад түүний эсрэг босч, яагаад суудлаасаа буух болсон зэргийг тайлбарлажээ. Тэрбээр Өмнөд Солонгост дэгдсэн том дуулианыг “Худал хуурмагаас үүссэн том уул” хэмээгээд удаан хугацааны өмнөөс энэ бүхнийг төлөвлөсөн хэмээн тодорхойлсон байна.

Пак Гын Хэ “Дуулианы мөрөөр нь хөөж үзвэл энэ бүхэн урьдаас бэлтгэгдсэн арга байсан гэж бодогдож байна. Маш их худал хуурмагаас бий болсон үл ойлголцолтой нүүр тулах нь надад хэцүү байсан. Би маш их сэтгэлээр унаж байна” хэмээн ярьжээ.

Чой Сун Шил нь ерөнхийлөгчтэй дотно холбоогоо ашиглан Өмнөд Солонгосын “Samsung” групп тэргүүтэй хэд хэдэн том компаниас олон сая ам.долларын авлигыг авсан хэрэгт буруутгагджээ.

Авлигын дуулианд “Samsung” болон өөр гурван группын  захирлууд байцаалт өгч, тэднийг хилээр гарахыг хориглосон юм.

Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д шүүмжлэлтэй ханддаг 10,000 орчим урлагийн хүний нэрийг “хар жагсаалт”-д оруулсан гэх Соёлын сайд Чо Юүн Суныг баривчилжээ.

Чой Сун Шил авлигын мөнгөө Пак Гын Хэгийн үүсгэн байгуулсан буяны сангаар дамжуулан угаасан хэмээн шалгагдаж байгаа. Тэрбээр Өмнөд Солонгосын спортын салбарт гар дүрж, өөрийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэн, ерөнхийлөгч найзынхаа хэлэх үгийг хянах зэргээр төрийн хэрэгт оролцсон нь бараг ил болоод байгаа. 

Пак Гын Хэ найзыгаа төрийн хэрэгт оролцуулсан гэх тухайд,

-“Тэр хувийн чанартай зөвлөгөө өгдөг байсан. Хэн нэгнийг албан тушаалд томилох асуудал бол тусгай процедураар явагддаг ажиллагаа” хэмээн тайлбарлажээ.

Үүнээс гадна Пак Гын Хэ ард түмэн болон Хятадын зүгээс эсэргүүцэлтэй тулгараад буй АНУ-ын пуужингийн системийг хойгт байршуулах, Доналд Трамп Цагаан ордны тэргүүн болсон зэрэг цаг үеийн асуудалд хариулт өгчээ.

Хятадын зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулсан АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг хойгт байршуулах асуудлыг тэрбээр, 

-“Пхеньяны өсөн нэмэгдэж буй цөмийн аюул заналын дэргэд өөрийгөө хамгаалах багахан хэрэгсэл” хэмээсэн байна. Мөн энэ нь Өмнөд Солонгос улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийн асуудал гэдгийг онцолжээ.

Цагаан ордны тэргүүнээр Доналд Трамп сонгогдсон тухайд, 

АНУ-ын ерөнхийлөгч өөрчлөгдсөн учраас гадаад бодлогод өөрчлөлт гарах байх” хэмээсэн байна.

Өмнө нь 2014 онд Севол гатлага онгоц осолдож олон хүн амь үрэгдэхэд Пак Гын Хэ-г буруутгасан шүүмжлэл их байсан. Энэ талаар сэтгүүлч түүнээс “Таны эсрэг буруутгал эмэгтэй төрийн тэргүүний тухай хэт их сонирхол, эсвэл эмэгтэй хүнд хүндлэлгүй ханддаг Өмнөд Солонгосын ёс заншлын аль нэгнээс үүдэлтэй гэж үзэж байна уу” хэмээн асуужээ.

Үүнд Пак Гын Хэ: “Эмэгтэйчүүдийг дорд үзэх хандлагаас үүдэлтэй гэж бодож байна хэмээн хариулсан байв. 

Пак Гын Хэ ярилцлага хийхдээ консерватив үзэлтэй сэтгүүлч Жон Гю Жэ-г сонгосон нь өөрийгөө хамгаалах тактикийн нэг байсан хэмээн сөрөг хүчнийхэн шүүмжилж байна.

Пак Гын Хэ-г огцруулах эсэх асуудлыг Үндсэн хуулийн шүүхийн даргын албан үүргийн хугацаа дуусах  ирэх гуравдугаар сарын 31-нээс өмнө шийдвэрлэх ёстой аж. Гэвч тэрбээр Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүхийн хоёр удаагийн сонсголд оролцоогүй юм.

Ээжийнх нь хэрэгтэй холбогдуулан Жон Юрагаас Данийн шүүх мэдүүлэг авчээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг тойрсон дуулиан их сургуулийн оюутнуудын жагсаалаас эхтэй.

Эмэгтэйчүүдийн Ихва их сургуулийн оюутан Жон Юра гэгч тусгай элсэлтээр шалгалт өгөлгүй сургуульд орж, хичээлдээ суудаггүй байсан атлаа өндөр үнэлгээ авсанд бусад оюутан шударга бус явдал хэмээн үзэж, эсэргүүцэж эхэлсэн юм. Ихва их сургууль улсдаа нэр хүндтэй төдийгүй ихэнх эмэгтэй улстөрчид энэ сургуулиас төрж гарсан байдаг ажээ. Жон Юрагийн их сургуульд шалгалтгүй орсон болон хичээлийн үнэлгээнүүд нь авлигатай холбоотой болох нь илэрч, Ихва сургуулийн захирал огцорсон юм.

Ингээд Өмнөд Солонгосын сэтгүүлчид оюутнуудын жагсаалын үеэр Жон Юра гэгч хэн болохыг судалснаар ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дотны найз Чой Сун Шилийн охин болохыг олж тогтоосон аж. Ингээд Чой Сун Шилийг судалж үзэхэд, ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн дотны найз болох нь илэрснээр энэ бүх дуулиан эхэлсэн билээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг тойрсон дуулиан их сургуулийн оюутнуудын жагсаалаас эхтэй

Өмнөд Солонгост 1989 оноос хойш анх удаа хамгийн олон хүнийг хамарсан “сая хүний жагсаал” өнгөрсөн арваннэгдүгээр сард Пак Кын Хэ-г огцруулахын төлөө болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж