СУУТНААР МАНДАЖ, ҮЙЛЭЭР ҮРГЭЛЖИЛЖ, ҮГҮЙСГЭГДЭН ЖАРГАСАН НЬ
Д.Нацагдорж хэмээх эрхэм хүний тухай манай гурван зохиолч жүжиг бичжээ. П.Батхуяг, Ш.Гүрбазар, Ц.Хулан. Маш том судлагдахуун, маш том орон зайг оюун сэтгэлгээнд үлдээгээд явж одсон болохоор хожуу үеийнхний сонирхол хөдлөхөөс ч яах билээ. Орчин үеийн Монголын утга зохиолын үндэслэгч, гарамгай соён гэгээрүүлэгч, суу билэгтэн нь гарцаагүй. Хэлмэгдэж зовж шаналж байсан нь ч тун тодорхой. Зохиолчид маань тун чадамгай энэ талаар өгүүлэн хүүрнэжээ. Нэг нь цэвэр уран бүтээлтэй нь холбож “Үйлийн гурван чулуу”-гаар, нөгөөх нь эс жаргах наран адил амьдралаар нь, Соёлын гавьяат Ц.Хулан хэлмэгдсэн түүхээр нь сэдэвлэн жүжиг бичсэн нь олны таашаалд ихээхэн нийцэж байна. Боддог бодол, санадаг л санаа. Гэхдээ гэсэн бодлогошрол асахын учир шалтгаан бас байх. Яагаад их Д.Нацагдорж хэлмэгдэх болов, гэргий Пагмадулам нь яагаад түүнээс нүүр буруулах болов /өөрийгөө золин байж их зохиолчийг амьд үлдээх гэсэн арга чарга байв/, хэрхэн түүнийг монголын орчин цагийн утга зохиолыг үндэслэгч хэмээн үнэлэх болов /утга зохиолын өөр олон зүтгэлтэн байлаа/, үр хүүхдүүд нь гэж хэн байв, утга зохиолын сор болсон бүтээлүүдээ хэрхэн яаж туурвив.
Асуултын тэмдгийн ардах хариултыг тэд өгсөнгүй. Аугаа хүн аугаа бүтээл туурвиж аугаа их хэлмэгдэж аугаа их гүн эмгэнэлтэйгээр нас барав. Бүх зохиол дээр нь ийм л санаа явж байна. Үхлийнх нь тухай бат ноттой баримтыг өнөө хэр нь эцэслэж тогтоогоогүй атлаа зохиолч бүхэн өөрийнхөөрөө тайлбарлахыг чармайжээ. Мэндэлснийх нь 110 жилийн ой, Улсын Драмын эрдмийн театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан кампанит ажил болсны ачаар иймэрхүү л гурван жүжигтэй болж хоцорлоо.
Их зохиолчийн нэрээр овоглосон театр салбарын яамтай хамтран урьд, өмнө байгаагүй шан, харамжтай их зохиолчийн жүжгийн талаар уралдаан зарлажээ. Уралдаанд 30 орчим уран бүтээлч зохиолоо ирүүлсэн ч шалгаруулагч нарт “дөмөгхөн” шүүрээд авчих зохиол олдоогүй учраас Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазарт захиалга өгч бичүүлсэн гэнэм. Захиалгыг гүйцэтгэгч олон зүйлийг багтаахыг хичээсэн ч харамсалтай нь гүйцэтгэл, олон ээдрээт асуудлыг учир холбогдол нь дутуу дулимагаас санаа нь гүйцэт ойлгогдсонгүй. Харин түүний зохиолыг найруулагч нь аварсан гэхэд хилсдэхгүй. Учир утгагүй хардлагад ултай буруутгал байх ёстой ч… байсангүй. Д.Намдаг гээч Монголын театрын урлагийг үндэслэгчийг зүгээр л шороотой хутгаад хаячихсан. Их зохиолчийн үр удмыг тээж төрүүлсэн Нина их зохиолчтой хэрхэн холбогдсон талаар цухас ч харуулсангүй. Өнөө цагийн хөдөөнөөс ирсэн охин хадамдаа хөөгдөөд хажуу хаалганы залуугийнд орж буй аятай өгүүлжээ.
…“Монгол ардын суут”-ын хувьд Д.Нацагдоржийн шүлэг, уран бүтээлээс нь иш татсан сонголтууд “Жаргаагүй нар”-аас хавьгүй илүү. Ганцхан аягаар жүжгийнхээ хэлэх гэсэн санааг хэн хүнд ойлгогдохоор илэрхийлсэн нь олзуурхууштай.
Тэгвэл “Үйлийн гурван чулуу” П.Батхуяг зохиолч бичихдээ Д.Нацагдоржийн туурвин бүтээх арга барилыг илэрхийлэхийг хүсчээ. Энэ нь монголчуудын уламжлалт, шашны үйлийн үрийн тухай ойлголтыг их зохиолч хэрхэн ашигласан талаар харуулахыг хичээжээ.
…Гэхдээ их зохиолчийн амьдрал, уран бүтээл, үзэл санаа, үйл хэрэг, үгүйсгэгдсэн олон үнэний талаар ам дамжин ирсэн асуултанд мань мэт нь хариу авмаар байх юм.
“Харанхуйн хад”-ыг бичиж байхдаа их зохиолч юуг зөгнөв, эхнэр нь албан баримтан дээр салахдаа юуг санав, хятад панзчины хашаанд Пагмадулам "өрөө" түрээслэж суухад нь их зохиолч уйлан хайлан ирэхдээ юуг ярив, Д.Намдаг зохиолчтой хамтдаа хэлмэгдэхдээ юуг захиж хэлэв. Асуудлын олон зангилаа бий. Тийм, ийм аугаа хүн байсан гэхээсээ илүүтэйгээр Д.Нацагдоржийг өөрөөр нээх цаг нь болжээ. Германд сурч ирсэн хүн болгон толгой дараалан хэлмэгдсэн. Улс төр, нийгмийн тэргүүний хүмүүс бүгд хэлмэгдсэн, амь хохирсон. Хэлмэгдүүлж, тарчлаасан гэдэг өнцгөөс бус тэр хүн юуг хүсч мөрөөдөж, юунд хүрэхийг тэмүүлэхийн сацуу эргэн тойрны хүмүүс нь түүнийг амьд үлдээхийн төлөө хэрхэн тэмцэж байсан тухай сонирхол бидэнд үргэлж төрдөг. Оюуны энэ эрэлт хэрэгцээг эцсийн бүлэгт дээрх гурван зохиолчийн бүтээл хангасангүй. Ой болов, одон тэмдгээр хэн нэгнийг шагнаж, гар дээр нь тав арван цаас өгөв. Энэ бүхний ард Д.Нацагдорж хэмээх эрхэм мөнөөх нууцлаг хэвээрээ л үлдлээ. Хэн энэ хүнийг нээх вэ.
Их эмзэглэл бүтээл төрүүлдэг. Тэр бүтээл нь хэдэн арван он дамжин шагшин гайхагддаг. Он цаг нь Д.Нацагдоржийг эмзэглүүлсэн. Тэр утгаараа үйлийн гурван толгойгоор хайр дурлалыг төсөөлж, жаргахааргүй наран шиг алдар суугаа мөнхөлж, Монгол ардын суут гэж энэ зохиолчдод хэлэгдэхдээ Д.Нацагдорж абугай арай өөрийг энэ цагт сануулж, сэхээрүүлэх гэсэн юм биш биз.
Л.НАРАНТӨГС