АН-ын даргын сонгуулийн саналыг гараар тоолно

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

АН-ын даргын сонгуулийн саналыг гараар тоолно

-АН-ЫН ДАРГЫН СОНГУУЛЬ НЭГДҮГЭЭР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН 07.00 ЦАГТ ЭХЭЛЖ, 22.00 ЦАГТ ӨНДӨРЛӨНӨ-

Ардчилсан нам VI их хурлаа хуралдуулан, намын даргаа сунгаагаар сонгохоор шийдвэрлэсэн. Намын даргад нэр дэвшигчид 240 сая төгрөг намдаа хандивласнаар энэхүү сунгаанд өрсөлдөх эрхтэй болсон юм.

Намын даргын сонгуульд С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Л.Гантөмөр, Ж.Батзандан нарын таван нэр дэвшигч өрсөлдөж, намын даргын сонгуулийн сурталчилгаагаа өчигдөр /2017.01.25/ дуусгалаа. Нэр дэвшигчид сурталчилгааны хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүд, дэмжигчдэдээ мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сурталчилгаа хийсэн билээ.

Ардчилсан намын даргын сонгууль Ням гаригт буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр орон даяар зэрэг эхэлнэ.

Намын даргын сонгуульд намын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүд санал өгөх эрхтэй. АН намынхаа нийт гишүүдийн бүртгэлийг тодорхой болгох, намын даргаа сонгох зорилгоор шинэчилсэн бүртгэл явуулсан хэмээж буй. Шинэчилсэн бүртгэлд албан ёсоор 176 мянга орчим гишүүн бүртгүүлсэн ч намын дарга 17 мянга орчим гишүүнийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан нь намын даргын сонгууль “будилаантай болно” гэсэн харыг төрүүлээд байна. Үүнтэй холбогдуулан АН-ын гишүүд намын удирдлагадаа шаардлага хүргүүлэх, жагсаал хийх зэргээр эсэргүүцэл илэрхийлсээр сурталчилгааны хугацаа дууслаа.

Намын даргын сонгуулийг УИХ-ын сонгуулийн санал авах үйл ажиллагаатай ижил зарчмаар явуулна. Тодруулбал, АН-ын гишүүд өөрийн харьяалагдах аймаг, дүүрэг, сумын намын хорооны санал авах байранд очиж, саналаа өгнө. Санал авах ажиллагаа орон даяар нэгдүгээр сарын 29-ний өдрийн 07.00 цагт эхэлж, 22.00 цагт өндөрлөнө. УИХ-ын сонгуулиас ялгаатай нь саналыг гараар тоолно.

АН-ЫН ГИШҮҮН САНАЛАА ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

  • Санал авах байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж, саналаа өгнө.

  • Саналын хуудас бөглөж, зориулалтын битүүмжилсэн хайрцагт саналын хуудсаа хийнэ.

  • Санал өгсөн гишүүн бүр хуруун дээрээ сонгууль өгсөн гэх тусгай тэмдэглэгээ хийлгэнэ /УИХ-ын сонгуульд саналаа өгсөн иргэдийн хумсанд тэмдэглэгээ хийдгийн адил/.

  • Шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй АН-ын гишүүн намын даргын сонгуульд санал өгөх эрхгүй.

  • Нэг хүн нэг л удаа саналаа өгнө.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж