УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлэхийн өмнө зарим Байнгын хороодын бүрэлдэхүүнийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Гэвч УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн нар санал авалгүйгээр харьяалагдаж байсан Байнгын хорооноос гаргасан нь зохисгүй алхам гэж үзлээ.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг УИХ-ын Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарган УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулахаар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос гарган, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд харьяалуулах болсныг боломжгүй гэж үзэв.
Энэ тухай УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Нийгмийн бодлогын байнгын хорооноос гарах боломжгүй. Байнгын хороогоор хэлэлцэж байгаа гол хуулиудын ажлын хэсэгт багтаж ажиллаж байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд гурван байнгын хороонд харьяалагдаж ажилладаг. Тэгэхээр Нийгмийн бодлогод ч мөн үлдээгээд гурван байнгын хороонд харьяалуулчихаж болдоггүй юм уу.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Анхдугаар чуулган хуралдаж, Байнгын хороогоо байгуулах үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг, бие даагч гишүүн, МАХН-ын гишүүдээ гурав хүртэл байнгын хороонд харьяалуулъя гэж шийдсэн.
МАН-ын бүлгийн гишүүдийг гурав хүртэл байнгын хороонд харьяалуулна гэвэл байнгын хороодын орон тооны харьцаа алдагдана. Нэг байнгын хороонд 19 гишүүн харьяалагдах ёстой.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Төсвийн байнгын хорооноос гарна гэж би огт яриагүй, Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулмаар байна гэхээр нь Төрийн албаны хуультай холбоотойгоор оръё гэсэн. Төсвийн байнгын хорооноос гарна гэж тогтоогүй асуудлыг оруулж ирлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Хоорондоо тохиролцоод орж ирсэн гэсэн, би сайн дураараа хасаж нэмж ийм асуудал хийгээгүй.
УИХ-ын гишүүн Т.Гантулга: Намайг яагаад Нийгмийн бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс гаргаж байгаа юм бэ. Би тэнд олон төсөл дээр ажиллаж байгаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Чамайг байнгын хорооноос гаргах тухай асуудал оруулж ирээгүй, Ж.Ганбаатарыг л гаргахаар асуудал оруулсан.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Нэг гишүүн хоёр л байнгын хороонд харьяалагдана гэх юм бол би Өргөдлийн байнгын хорооноос гармаар байна. Төрийн байгуулалт, Төсвийн байнгын хороо хоёрт харьяалагдаж болно.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би ямар ч дэд хороонд байдаггүй, УИХ-ын гишүүн дэд хороонд харьяалагдах ёстой гэдэг. Тусгай хяналтын дэд хороонд ормоор байх юм. Тоо заавал тав, зургаа байна гэдэг чинь буруу шүү.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Дэд хороонд орох асуудлыг яриагүй. Бүлэг байхгүй учраас хэнээр дамжуулж шийдэх юм.
Эцэст нь Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хойшлуулж, ирэх долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэхээр болж, тогтлоо. Учир нь гишүүдийн ирц тааруугаас санал дэмжигдэх боломжгүй байсантай холбоотой.
Г.ДАРЬ